logo
БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав

БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав

2020/04/10

БНСУ коронавирусний цар тахлын үеэр цагаачлалын албанд дугаарлах хүмүүсийг цөөлөх зорилгоор тус улсад оршин суух эрх нь ойрын хугацаанд дуусах гадаадын 60 мянган иргэний визийг гурван сараар сунгалаа. Энэ тухай тус улсын Хууль зүйн яамнаас пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тус улс хоёрдугаар сарын 24-нд бүртгэлтэй 130 мянга гаруй гадаадын иргэний визийг тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ удаад тавдугаар сарын 31-нээс өмнө виз нь дуусах хүмүүст хамаарах аж. Гэхдээ Е-9 буюу мэргэжлийн бус ажлын, Е-10 буюу далайн багийнхны визийг автоматаар сунгахгүй, тэд онлайнаар сунгуулах хүсэлтээ гаргах юм байна.

Гадаадын иргэдийн визийг сунгаснаар цагаачлалын албанд ирэх хүний тоо цөөрнө гэж үзэж байна. Учир нь цагаачлалын албаны ажлын 30 хувийг визээ сунгуулах хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдөл эзэлдэг. Энд визээ сунгуулах хүсэлт өдөрт дунджаар 2600 орчим ирдэг байна.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 10423-т хүрч, 6900 хүн эдгэрсэн бол 204 хүн нас барсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш