logo
Малайзын төрийн сангаас хулгайлагдсан 300 сая долларыг АНУ буцаан өглөө

Малайзын төрийн сангаас хулгайлагдсан 300 сая долларыг АНУ буцаан өглөө

2020/04/21

Авлигын схемээр дамжин хулгайлагдсан 300 сая долларыг АНУ Малайзад буцаан өгсөн талаар хууль сахиулах байгууллагаас мягмар гарагт мэдээллээ. Энэ мөнгө нь өнгөрсөн жил Лос Анжелес дахь холбооны мөрдлөгийн үеэр санхүүч Жо Лоу-гаас хураан авсан хөрөнгө ажээ. Уг хөрөнгөд Манхэттений пентхаус, Беверли Хиллзийн харш, Беверли Хиллз дэх зочид буудал, тансаг зэрэглэлийн тийрэлтэт онгоц болон Винсент Ван Гог, Клод Моне нарын уран зураг зэрэг хөрөнгө багтжээ.

Жо Лоу болон түүний гэр бүл 700 гаруй сая долларын хөрөнгийг хураахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд АНУ-аас Малайзад 600 сая гаруй долларыг буцаан олгоод байна гэж АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

Лоу Так Жо буюу Лоу нь иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааны үед гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөгүй билээ. Харин түүнийг хээл хахууль, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Нью-Йоркод эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар байгаа юм.

Лоу Малайзын төрийн сангийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд прокурорууд түүнийг сангийн хөрөнгөөр гадаадын албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, АНУ-д тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, уран зураг, үнэт эдлэл худалдаж авсан, Холливудын "Уолл Стрийтийн чоно" киног санхүүжүүлсэн гэж буруутгаж байгаа ажээ.

2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак нь “1MDB” санг эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан. Тус сан ихэнхдээ хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Малайзын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хянадаг байсан гэж шүүхийн баримтад дурджээ.

Тус сангаас хамгийн багадаа 4.5 тэрбум доллар хулгайлагдсан бөгөөд Нажибын хамтран ажиллагчид энэ мөнгийг угаасан гэж АНУ-ын мөрдөн байцаагчид үздэг. Авлигаас болсон олон нийтийн уур бухимдал нь 2018 оны 5-р сард Нажибын удаан хугацааны засаглалыг ялагдалд хүргэсэн. Нажиб нь өөрөө тус сангаас мөнгө завшсан авлигын хэрэгт шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: https://www.japantimes.co.jp

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш