Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.
Тус хөтөлбөр нь шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилготой. Монгол Улсын Засгийн газрын зүгээс зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахад улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилсэн хэдий ч шинэ коронавируст (COVID-19) халдварын тархалтын эсрдлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг үогэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн COVID-19 цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм.
Иймд Азийн хөгжлийн банкны 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр, дээрх хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөх, цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү болохыг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.