logo
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа

2020/04/23

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5,000 ширхэг вируснаас хамгаалах тусгай зориулалтын хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа.

Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа.

ЭНЭ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй 5,000 ширхэг хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хандив Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болно гэж итгэж байна.

Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1,200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Польш улсын компаниас худалдаж авах санал ирүүлсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байгаа.

Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Улсын Онцгой комиссын нийт албан хаагчид энэ бүхний ард гарч, даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэлээ.



Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдэд маш их хэрэгтэй байгаа хамгаалах хувцсыг хандивласанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын удирдлага дор цар тахлын голомтод ажиллаж буй нийт албан хаагчид, эмч, сувилагчид, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.

Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавируст халдвараар (COVID-2019) өнөөдрийн байдлаар дэлхий даяар 2.5 сая гаруй хүн өвчилж, Монгол Улсад 35 тохиолдол бүртгэгдсэн. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн дээрх тохиолдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчилж, 8 хүн эдгэрсэн билээ.

Манай улсад 4 дүгээр сарын 22-ны байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,222 иргэн байгаа бөгөөд эдгээр байруудад 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан иргэдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж байна. Түүнчлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан орон даяар 2,000 гаруй албан хаагч, эмч, сувилагч, мэргэжилтэн Улсын Онцгой комиссын Шуурхай штабын удирдлага дор ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр худалдан аваад байгаа юм.

Худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн 50 хувийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгож, үүнээс тусгаарлах байр, тандалт судалгаа, лаборатори, халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг хангаж байна. Үлдсэн 50 хувиас 20 хувийг аюулгүйн нөөцөд авч, 30 хувийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгосон нөөцийн 25 орчим хувийг зарцуулаад байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш