Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв.
Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг гарсан ч гуравдахь удаагийнхаар эерэг гарч байна. Иймд вирусний хоруу чанар нэмэгдэж, хувирч, далд хэлбэрт байгаа нь эрсдэл байсаар байгааг илтгэж байна. Мөн ковид-19-ийн эрсдлийн талаарх долоо дахь удаагийн үнэлгээг хийхэд Монгол Улсад эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээ гарсан байна. Эдгээрийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзлээ.
Мэргэжлийн болон бусад богино хугацааны танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн холбоодоос санал, хүсэлт ирүүлснийг харгалзан холбогдох шаардлага, стандартыг мөрдүүлж, зарим үйл ажиллагааг нээх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдэв. Нарийвчилсан судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болов.
Иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэв. БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг өмнөх нислэгүүдийн адил сайтар зохион байгуулалттай удирдан явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх аж. Энэ нь халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж байгаа билээ. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулж буй юм. Австрали, Энэтхэг болон дэлхийн бусад олон улс орнуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьж, тусгай зориулалтын нислэг үйлдэхийг хүсч байгаа ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөр нислэг үйлдэх боломжгүйг УОК-оос мэдэгдэж байна.
Харин газраар, хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг үргэлжүүлнэ гэв. Оюутнууд, дипломат албаны зарим ажилчид, тэдний ар гэрийнхэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.
Мөн өдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллах юм.