Анатолий ВЫБОРНЫЙ, Төрийн Думын Авлигатай тэмцэх хорооны гишүүн:
-Муу зүйлийг ялах гэж байгаа бол өөрөөсөө эхлэ. Жудагтай бизнесменүүд, албан тушаалтнууд байна. Тэд авлига авахгүй, өгөхгүйгээр амьдарч ажиллаж байна. Хэрвээ хүн өөрийн эрхээ мэдэхгүй бол өөрийн асуудлаа хурдан шийдүүлнэ гэж бодон албан тушаалтанд авлига өгдөг. Гэхдээ шударгаар амьдрах нь илүү дээр. Манайд авлигагүйгээр ажиллах боломж байна. Үүнийг Ерөнхий прокурорын газраас гаргасан авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллээс харж болно.
Василий МЕЛЬНИЧЕНКО, Уралаас ирсэн бизнес эрхлэгч:
-Орос Улсад хэвийн амьдрахад авлига саад болж байна. Бид хэдэн сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай нэхмэлийн үйлдвэрээ хаалаа. Засаг даргын орлогчид 300 сая рублийн хөнгөлөлттэй зээл олгож, нөгөөх нь амны хаалтыг өөрийн өртгөөс нь 10 дахин илүү үнэтэйгээр улсад зарж байна.
Сергей ОСИНЦЕВ, Санкт-Петербург хот, сэргээн засварлагч:
-Бид авлигыг дийлэхгүй, бидний оюуны сэтгэлгээ тийм байна. Хүмүүс хийсэн ажлынхаа үр дүнгийн цалин авч хэвшээгүй байна. Тэд хийснээсээ илүү их мөнгө шаардаж байна. Хүн гэдэг сул дорой юм.
Сергей ГОНЧАРОВ, Ахмад дайчдын “Альфа” холбооны хүндэт ерөнхийлөгч:
-Ахуйн хүрээний авлигыг арилгах боломж байхгүй. Харин төр засгийн түвшинд авлигыг багасгаж болно. Хятадад буудан хороодог, Сингапурт шоронд хорьдог. Удирдах албан тушаалтнуудын улс төрийн хүсэл зорилгоос шалтгаалах асуудал юм.
Максим СУРАЙКИН, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан:
-Авлигыг багасгаж болно. Гэхдээ капиталист нийгмийн үед бол боломжгүй. ЗСБНХУ-ын үед социалист нийгмийн өмчийг хулгайлдаг байсан. Тэр нь одоогийн үнэлэмжээр инээдтэй бага байжээ. Хүмүүсийг багаас нь хулгай хийх нь муу, албан тушаалын байдлаа ашиглаж болохгүй гэж сургадаг байсан. Авлигын онцгой хүнд хэрэгт цаазын ял оноодог байсныг сэргээх хэрэгтэй байна.
Эх сурвалж: www.kp.ru