Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд тавдугаар сарын 2-ны өдрөөс согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн. Энэ хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд 07.00-00.00 цаг хүртэл ажиллах ёстой. Харамсалтай нь, баар, цэнгээний газрууд дээрх цагийн хуваарийг баримталж ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймээс НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас LUX болон ZU баарны тусгай зөвшөөрлийг цуцлахаар болов.
Үүний зэрэгцээ, нэгдүгээр сарын 27-оос хойш удаа дараа Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Энэ хүрээнд нийт 31 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн газар мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг бөөний төв, хүнсний дэлгүүр 5756, баар, ресторан, караоке 3488 гээд нийт 9244 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад Цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна.
Үүний зэрэгцээ, нийслэлийн Засаг дарга сургалтын төвийн үйл ажиллагаа зогсоох шийдвэр гаргаагүй. Засгийн газрын зүгээс танхимын сургалтын үйл ажиллагаанд тавьсан хоригоо сунгасан тул энэ асуудал нь нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал биш гэдгийг мэдээллээ.