logo
Уурхайчид, хамт олон, ахмадууддаа илгээх захидал

Уурхайчид, хамт олон, ахмадууддаа илгээх захидал

2020/05/08

Эрдэнэт үйлдвэрийн тулах цэг, урагшлах хүч болсон уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

Эргэх улирлын хувьд амьтай бүхэн сэргэж буй хавар цагийн эгэл жирийн өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч дэлхий даяар аюулт коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж, хорио цээрийн амаргүй өдрүүдийг эрсдэл багатай давахыг дор бүрнээ хичээж буй хүндхэн цаг хугацааг Та бид хамтдаа туулж байна.

Миний хувьд, уурхайчид, хамт олонтойгоо нүүр тулж уулзах, илэн далангүй ярилцахыг чухалчилдаг. Энэ ч зорилгын үүднээс өнгөрсөн жилүүдэд цөөнгүй уулзалтыг ажлын байран дээр, Уурхайчин соёлын ордондоо зохион байгуулсан. Энэ ажлаа уламжлал болгон хэвшүүлсэн ч цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед нүүр нүүрээ харж, илэн далангүй уулзаж ярилцах боломж хязгаарлагдмал байна. Иймд та бүхэндээ хандан захидал бичих нь зүйтэй гэж үзлээ.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Уурхайчид, хамт олон маань 2019 ондоо үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.

Үйлдвэр маань үйл ажиллагаагаа эхлээд 42 дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрийн насжилттай уялдан “Эрдэнэтийн-Овоо” ордын маань нөөц баялаг багасаж байна. Он жилүүд өнгөрөх тутам уул-геологийн нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан, өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2019 онд 20.4 сая ам.долларын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэснээс 2019 онд 8.9 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 20 орчим жилээр нэмэгдэж, цаашид 60 гаруй жил ажиллах боломж бүрдлээ.

Нөгөө талдаа олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж л үр дүнд хүрэх болоод байна. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологийг боловсронгуй болгоход 2017-2019 онд 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийлээ. Үүнээс 2019 онд 410 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, 251.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Үүний үр дүнд цех, нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Ингэснээр ажлын байрны тав тух сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, цалин хөлсний өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна.

Энэ цаг үед бид үр ашгаа өсгөхийн тулд үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй менежментийн үр дүнд, оюун ухааны хүчээр нэмэлт орлого олж, зардлыг хэмнэн ажиллаж байна.

Өнгөрсөн 2019 онд худалдан авалтын үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор явуулж, худалдан авалтыг цахим тендерээр зохион байгуулснаар бараа таваарын шахааг арилгаж 65.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадлаа.

Мөн экспортын гэрээний нөхцөлийг сайжруулж, холбогдох зардлыг бууруулж чадсанаар 2017-2019 онд 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Үүнээс 2019 онд 14 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-нд 224 дүгээр тогтоолыг гаргасан.

Үйлдвэрийн газрын хамт олны өөрсдийн хүчээр шинэчлэн боловсруулсан, төрөлх Эрдэнэт үйлдвэрээ 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 262 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд бид санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Улс орны хэмжээнд төрийн мөнгөний бодлого байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн их айл, өнөр гэр бүлд мөнгөний бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэхүү санхүү, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн орлогоор анх удаа 2019 онд 19.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон.

Эрдэнэт үйлдвэр Казакстаны Балхашмыс компаниас авах 20 сая ам.долларын өр олон жилийн туршид яригдаж байсныг Та бүхэн маань санаж буй биз ээ. Энэ авлагыг авах боломжгүй болж, 2009 онд тухайн үеийн Зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн тайлан балансаас хассан юм билээ. Энэ авлагатай холбоотой яриа, хөөрөөг дахин сэргээж, багагүй хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2019 онд бүрэн барагдуулсан.

Ингэснээр 2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлтийг бид менежментийн ур чадвар, оюуны хүчээр бүтээж чадлаа.

Төрийн өмчийн статустай болж, онцгой дэглэмтэй ажилласан 2019 онд, сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.Олон улсын Арбитрын шийдвэрийг үндэслэн Стандарт банкны нэхэмжилсэн 120 сая ам.долларын өр, төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр хэлэлцээ хийж, 40 сая ам.доллар болгон бууруулж шийдвэрлэсэн.Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү мөнгөнд нүүрлэсэн аюул, улс орны хэмжээнд үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлыг зайлуулж чадсан юм.

2020 он гарсаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Бид 2020 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг улсын төсөвт тусгагдсан үнээр буюу 5991 ам.доллар байхаар төлөвлөсөн хэдий ч 4600 ам.долларт хүрч унасан цаг үе тохиолоо. Зэсийн үнийн огцом уналтын үед өртөг, зардлыг бууруулах, үр ашгийн түвшинг хадгалахыг зорьж, арвилан хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд 2020 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ бүрэн биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 227 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

Коронавирусын цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт бий болж, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага уурхайчид, хамт олонтойгоо хамтын хүчээр давахыг зорьж байна.

2019 оны үйл ажиллагааны үр дүн амжилттай байсан нь энэхүү, дэлхийг нөмөрсөн коронавирусын цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн нөхцөл байдалтай нүүр тулахад бэлэн байх бэлтгэл суурь болж чадлаа. Үүний үр дүнд Та бид энэ хүндрэлтэй цаг үед бэлэн мөнгөний эрсдэл гачигдалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахин ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахад Эрдэнэт хотдоо, улс орондоо тус дэм болж ажиллахын тулд үйлдвэрийн хэмжээнд шуурхай үйл ажиллагааг хангах Төв штаб, чиглэл бүрээр ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх чиг үүрэг бүхий штабуудыг байгуулан ажиллаж байна. Төв штабын үйл ажиллагааны хүрээнд хямралтай нөхцөл байдлыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөө, зэсийн үнийн уналтыг үнийн зургаан түвшинд тооцсон хувилбарт эдийн засгийн тооцоо, хөдөлмөр зохион байгуулалтын хуваарийг батлан гаргаж, мөрдөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна.

Сүүлийн гурван жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, мөн өндөр ур чадвар шаардсан ажлыг гүйцэтгэдэг, нарийн мэргэжлийн өндөр зэрэгтэй 21 ажилчинд “Тэргүүлэх зэрэгтэй ажилчны нэмэгдэл” 300 мянган төгрөгийг сар бүр олгож байна. Цаашид цалин хөлсний бодлогыг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулж боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх болно.

Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.

Амаржаад хүүхдээ асарч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ахмадууддаа сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 01-нээс50 хүртэл хувиар ялгавартайгаар өсгөж, 124.8-210 мянган төгрөгт хүргэсэн. Ингэснээр, тэтгэврийн зөрүүг багасгах төр, засгийн бодлоготой нийцсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй ахмадуудынхаа өрхийн орлогод бодит хувь нэмэр үзүүлж байна. Мөн ахмадын баяр, цагаан сарыг тохиолдуулан олгодог тэтгэмжийг 2019 оны 9 дүгээр сараас100 мянган төгрөг болгож, 2 дахин нэмэгдүүлсэн. 2017-2019 онд ажилтан, ажилчдад нийт 11 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Ажилтан, ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2016-2019 онд нийт 153 ажилтныг фондын орон сууцаар ханган, 2019 онд 8 ажилтанд, 2020 он гарсаар 2 ажилтанд амины орон сууц олголоо.

Эрдэнэт үйлдвэрт 2016 оноос “Москва-300”, “ЭКО-400”, “Залуус-600” гэсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдаж байсан. “Залуус-600” орон сууцны төслийг хэрэгжүүлэх газар, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, “ЭКО-400” хорооллыг барихаар авсан газар нь дэд бүтцийг шийдэх боломжгүй, “Москва-300” төслийн ажлын зураг батлагдаагүй зэрэг олон тулгамдсан асуудал байсан юм. Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, байршлын хувьд нэгтгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” орон сууцны төсөл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Фондын орон сууцыг цаашид уурхайчид, хамт олондоо хувьчлах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед улсын төсвийн ачааны багагүй хэсгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Уурхайчид Та бидний хамтдаа бүтээсэн баялаг Монгол орны минь эдийн засгийн томоохон хөдөлгөх хүч болж байдагт Ерөнхий захирлын хувьд үргэлж өндрөөр үнэлж, бахархаж байдгаа цохон тэмдэглэе.

Хоногт 1600 орчим тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 6.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөгийн төсвийн болон түүнтэй адилтгах орлогыг төвлөрүүлдэг, 24 цагийн тасралтгүй,байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалтыг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган, алсын хараа, эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө хүн бүр хичээж ажиллах нь юу юунаас чухал болж байна. Нөгөө талаар, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрөөс ангид байж, хамт олныг талцуулсан, улс төрийн өнгө аястай аливаа ухуулга, сурталчилгаанд автахгүй байх нь чухал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс төрийн албан хаагчид, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн “… улс төрөөс ангид, ил тод нээлттэй байж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллах …” үүргийг бид шат шатандаа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Хамт олноо манлайлан үлгэрлэж, хамт олны эв нэгдлийг ханган, сахилга дэг журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулан, уурхайчин хүн бүрийн төлөө, хамт олныхоо төлөө, Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулж ажиллахыг бүх шатны удирдах ажилтнуудад ҮҮРЭГ болгож байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар онцгой дэглэмийн үед онц сайн ажилласан уурхайчид, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ямар ч цаг үед үйлдвэрийнхээ төлөө байж, уурхайчид, хамт олондоо урам, дэм өгч байдаг ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2020 он бол Та бидний хувьд маш хариуцлагатай жил байх болно. “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэхийн төлөө 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2020 онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний 80 гаруй хувийг үйлдвэрлэлийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийхэд зориулах болно.

Амар тайван цаг үед бид улс, эх орныхоо хөгжлийг түүчээлдэг хариуцлагатай хамт олон, баялаг бүтээгчид билээ. Коронавирусын цар тахал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн амаргүй энэ цаг үед уужуу тайван байж, улам хичээж, хүндрэл, бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулахыг нийт уурхайчид, хамт олон та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэж, УРИАЛЖ байна.

ХҮНДЭТГЭСЭН, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,

ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D)

Х.БАДАМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш