logo
Зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл-2

Зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл-2

2011/11/15
Хятадын зүүн хязгаарт зорчсон тэмдэглэлийнхээ эхний хэсэгт “Дачин ойл фийлд” компанийн үйл ажиллагаа болоод Хайлаар хотод үзсэн мэдсэн зүйлээсээ хуваалцсан билээ. Энэ удаад Хайлаарын баруун өмнөд хэсэгт орших газрын тос олборлох үйлдвэртэй танилцах үеийн сонин хачнаас хуваалцъя.

Эрх хүүхэд шиг салхин сэнс

Газрын тосны салбарын хамгийн их эрсдэл дагуулдаг үе шат бол хайгуулын үе бөгөөд цаг хугацаа хөрөнгө хүчийг шавхдаг онцлогтой. Тиймээс ч энэ салбарт дэлхийд данстай, томоохон эрсдлийг ажралгүй давдаг томоохон компани, консорциумууд хүч үздэг. Монгол улсын хувьд газрын тосны салбарын хөгжил дэлхийд хэнздэх ч гадаад дотоодын цөөнгүй хөрөнгө оруулагчийг татаж чаджээ. Тэдгээрийн төлөөлөл багтсан аяллын баг Хайлаарынхаа төвөөс дөрвөн цаг орчим явж хүрэх Дачин Ойл Фийлд компанийн олборлолт явуулж буй үйлдэрийн дүүрэгт зочилсон. Мэдээж зам зуур нутгийн ардын шавар тагз, бэлчээрлэх мал нь хотынхоо соёлтой айлсаж байгааг сонирхож өнгөрсөн. Түүнчлэн зам зуур бас нэг сонирхол татсан зүйл олж харсан нь салхин сэнсэн цахилгаан үүсгүүр. Манайхан нэг салхин сэнсээр цахилгаан үйлдвэрлэх гэж үзээд тэгсгээд таалал төгссөн нь санаанд бууж билээ. Бэлчээрлэх мал, нутгийн хүн ардаас хамгаалуулан өндөр боловч “үл” үзэгдэх хашаагаар хүрээлүүлсэн аварга том салхин сэнс хүний хэрэгцээг хангаж чадах эрчим хүчийг үүсгэж байгаа нь таатай. Айлын эрх хүүхэд шиг байнгын арчилгаа тордолгоо авдаг нь илт. Энэхүү станц 180 вт-ын хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэж, ойр орчмын дүүргүүдэд нийлүүлж байна.


“Сүрэн нуур 131”

Аяллын баг Дачин Ойл фийлдын олборлолт, боловсруулалт хийж буй үйлдэрийн дүүрэгт хүрэв. Асар уудам талбайд байрлах тус бааз 2001 онд байгуулагдсан, Хөлөн буйрын орд газрын анхны үйлдвэрлэлийн бааз юм байна. Тус баазад олборлолтын анги, Туршилтын анги, геологийн анги, ерөнхий анги гэсэн дөрвөн ангиас гадна нэг нэгдсэн станц ажиллаж байна. Нийтдээ 124 ажилтан албан хаагч ажилладаг аж. Тус бааз Хөлөн буйрын ордын газрын тос цуглуулан зөөвөрлөх төв цэг нь бөгөөд тос хадгалж, тээвэрлэх, байгалийн хийн, үйлдвэрлэл, хангамжийн, гал хамгаалах анги, тээврийн анги зэрэг салбар компаниуд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор 103 цооног өрөмдсөнөөс бүрэн ажиллагаатай 92 цооногоос өдөрт дундажаар 65 тонн, жилд 23 мянган тос олборлож байгаа юм байна. Газрын тос өөрийн даралтаар гардаг ч аажимдаа даралт нь буурдаг. Тиймээс даралтыг нэмэгдүүлэх зорилгоор ус шахдаг аж. Тиймээс тус дүүрэгт нийт 42 худаг байгуулж, жилд 119 мянган метр куб ус шахдаг гэнэ.  Тухайн үйлдвэрийн бүтцээс харахад цооногоос сорж гаргасан нефтийг хоолойгоор дамжуулан боловсруулах үйлдэр рүү зөөх ба боловсруулах үйлдэрийн эхний дамжлагаар ус, тос, газ буюу байгалийн хийгээрээ ялгагдаг. Цаашлаад ус нь цэвэршүүлэх байгууламж руу шилжиж, бүрэн цэвэршүүлэгдсэний дараа дахин цооногууд руу шахагддаг байна. Усыг цэвэршүүлэх нь гүний усыг бохирдуулахаас сэргийлсэн арга хэмжээ гэж үйлдэрийн дарга тайлбарласан. Харин тосыг тээвэрлэх зөөх хэсэг рүү шилжүүлэн дараагийн дамжлага руу шилжүүлдэг юм байна. Байгалийн хийг нь тухайн дүүргийн хэрэгцээнээс илүү гарсныг мөн тээвэрлэн борлуулдаг гэнэ.

Тус нефтийн үйлдвэрт хамгийн их чухалчилдаг зүйл нь аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал юм байна. Үйлдвэрийн бүсэд гал гаргах, оч үсэргэж мэдэх юуг ч ойртуулдаггүй, тэр бүү хэл үйлдвэрийн дамжлагад зургийн аппарат гар утастай орохгүй байхыг аяллын багийнханд анхааруулж байсан. Мөн төмөр тахтай гуталтай бол зүглэх ёсгүй. Түүнчлэн оч гаргадаггүй гэрэлтүүлэг, тогтмол өндөржүүлсэн харуул хамгаалалт энэ газрын гол хүчин зүйл нь болж байна. Манай Дорнодын Тамсагт удахгүй ашиглалтанд орох ПетроЧайна Дачин Тамсагийн үйлдэр ч энэ зарчмаар ажиллах юм гэсэн.

Нефть хаягдалгүй, эсрдэлтэй
Газрын тос хаягдал гардаггүй ашигт малтмал. Өөрөөр хэлбэл, олборлосон газрын тосны 84 хувийг эрчим хүчний түүхий эд болгон ашигладаг бол 16 хувь нь химийн үйлдэрийн чухал түүхий эд болдог гэхчлэн танин мэдэхүйн болоод онолын мэдээллийг “Үндэсний мэдээ” сонины №40-д “Танин мэдэхүй”-н нүүрний Даваа гарагийн хуучирдаггүй мэдээллийн хүрээнд энэхүү аяллын тэмдэглэлтэй уялдуулан хүргэсэн. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллийг түлхүү хүргэж байгаагаа энд тэмдэглэе.

Монголд Боловсруулах үйлдвэр баригдах эхлэл тавигдаж, гурван ч газар шавь тавьсан. Харин биеллээ олтол нэлээд цаг хугацаа, орон зай, улс төр хэрэгтэй бололтой. Өнгөрсөн зун Дорноговийн Сайншанд суманд Сод Монгол групп өөрийн 1,5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдэрийн шав тавихад сэтгүүлч би өөрийн биеэр гэрч болж байсан. Энэ үйлдэр 2014 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа, нефть боловсруулах зориулалттай, төсөлдөө ч үүнийгээ түлхүү харуулсан байсан. Харин бусад химийн элементийг хэрхэх талаар ярьсан хэлсэн юм “санах ойн”-д байхгүйг бодоход дорвитой юм төлөвлөөгүй бололтой. Нэгэнт нефть боловсруулах л юм бол Химийн үйлдэр ч баригдах нягууртай л юм байна. Түүнээс бус мянган жижиг нефть боловсруулах үйлдвэр байгаад асуудлыг цогцоор үр ашигтай шийдэж чадахгүй нь эндээс харагдаж байгаа юм.


Түүнчлэн нефтийн зах зээл нь өөрөө маш эрсдэл дагуулдаг, үнэ ханшийн хөөрөгдөл, уналт ихтэй байдаг. Тиймээс ч хөрөнгө оруулагчид нефтийн үнийн өөрчлөлтийг хэдэн жилийн өмнөөс тооцоолдог байна. Бидний гол баатар ПетроЧайна  Дачин Тамсаг компанийн хувьд 2006-2007 онд Тамсагийн төслийн үнэлгээг гаргахдаа олон улсын зах зээл дээрх нэг баррель газрын тосны ханшийг 150 ам.доллараас дээш байхаар тооцоолж байж. Гэтэл 2007 онд нефтийн үнэ 80-90 ам.долларт хүртлээ унасан нь томоохон эрсдэл хүлээлгэсэн гэдэг. Гэсэн ч нэгэнт хайгуулынхаа ажлыг дуусгаад олборлолтын шатандаа орсон бол өндөр ашиг өгдөг учраас тэд эрсдлийг дааж гарах нь зүйн хэрэг.

Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий...

Олборлох үйлдэрийн дүүргээр хагас өдөр тойрч, үйлдэрийн удирдлагуудтай өдрийн зоог барьснаар бидний Хайлаар дахь аяллын “албан ёс”-ны цикл өндөрлөсөн гэхэд болно. Өдрийн зоогийн үеэр тус үйлдэрийн газар гахай, тахиа, үхэр, хонь үржүүлгийн газартай, ногоо, будааны тариалан эрхлэдэг гэдгийг мэдэж авав. Түүнийг нь дагаад ажлын байр бий болдог гэнэ. Мөн Хайлаарын төвд уулзсан ерөнхийлөгч ноён Гао үйлдэр хариуцсан дарга хоёрын ажлын стресс шал өөр байдгийг тэндээс олж харсан. Үйлдэр хариуцсан дарга эрүүл агаарт өмнөх ажлаа л хийж байвал нервтээд байх зүйлгүй гэдэг нь гэрэлтээд байгаа хөрслөг царайнаас харагдах бол Гао ерөнхийлөгчийн хувьд нүдний гал нь нэг л оч муутай харагдах юм билээ.

Тамсагийн нутгийн ард түмэн, Монгол дарга нартай учраа олох гэж нэлээд юм үздэг, харин өөрийн дарга нараас ажлаа сайн хийхийг шахсан даалгавар байнга авсаар “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий болдог” шиг байдалд ордог бололтой юм. Харин үүнийг учир мэдэх хүмүүс баримтаар нотлох маягтай. Петрочайна Дачин Тамсаг монгол компанийн анхны захирал Фан Бао Цайн бие лагшин 2 жил ажиллаад л муудаад нутаг буцсан гэдэг юм байна. Одоогийн Гао захирал ч бас ажил аваад удаагүй байхдаа бие нь чилээрхэн мэс засалд орсон, одоо гам барилттай нутагтаа байгаа юм билээ. Тиймээс ч аяллын багийг нутагтаа төв оффистоо хүлээж авсан гэдгийг өмнөх тэмдэглэлд дурьдсан. Түүнчлэн бас нэг захирал нь мөн л хоёр жил хүрэхгүй бие нь муудан группт орсон гэнэ лээ. Тамсагт хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа Доншин компанийн захирлууд ч ээлж дараалан өвчилсөөр нутаг буцсаар байгаа аж. Ажлын стресснээс болж хямарсан Хятад захирлуудыг тоочоод байвал арав дөхөх нь. Өөрөөр хэлбэл Хятад ноёдын стрессдэх нь аль хэдийнэ ажил мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтанд “элсчихсэн” байна. 

Дараагийн зогсоол Дачин хот

Бидний аялал Хайлаарт хагас бүтэн өдрийг өнгөрүүлж, олборлох үйлдэртэй танилцаж, Хөлөн буйрын нутгаар хөндлөн аялснаар өндөрлөж буй нь энэ. Цааш бид Дачин хотоор тойрохоор орон нутгийн гал тэргээр замд гарсан. Орон нутгийн хуваарьт аялал зам таарах хот, тосгон бүрт зогссоор үүрийн таван жингээр Дачин хотод хүрсэн. Тус хотод хөл тавьсан сэтгэгдэл хийгээд Газрын тосны түүхэн музей, Хятадын ард түмэн “Төмөр хүн” хэмээн домоглодог Ван Жинши ноёны музейг үзэж, төрсөн сэтгэгдэлээ уншигч тантай дараагийн аяллын тэмдэглэлээрээ хуваалцахаар үлдээе. Түүнчлэн эмэгтэй хүн бүрийн сонирхол татсан мөч бол “шопинг” хийх. Энэ тал дээр ямар сэтгэгдэл төрсөн, сэтгэл татаад аваад үлдсэн зүйл юу байсан талаар дараагийн бичлэгтээ оруулахыг зэхээд байгаагаа илэрхийлье. Үргэлжлэл бий...
Э.Болор

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш