Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны 04 дүгээр сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 01-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.
Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.
Одоогоор 2020 оны 04 дүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.