УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.13) Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар өргөн барив.
Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлжснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлснийг нэг удаа өөрчлөх боломжийг тэтгэвэр авагчид олгох зэрэг ажил олгогч, тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл болоогүй байна.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсч байна.
Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9 (эрэгтэй 66.02, эмэгтэй 75.8)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.
Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 942.02 мянган төгрөг байсан бол өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 325 мянган төгрөг байгаа нь дээрх цалингийн хэмжээтэй харьцуулахад 34.5 хувь болж байна. Энэ үзүүлэлт хамгийн багадаа 40 хувиас багагүй байх ёстой ба энэ хэмжээнд хүргэх санхүүгийн нөхцөл эдийн засгийн боломж бүрдэхгүй байгаа аж.
Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна.
Иймд даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн 7 улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж.
Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатайтай хэмээн үзжээ.
Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн 10 бүлэг, 39 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурлан албан журмын болон сайн дурын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн санг бий болгох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сан болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм. Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.