“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр “80 дугаар микрофон” нэвтрүүлгийн анхны зочноор уригдан оролцлоо. Нэвтрүүлгийг сэтгүүлч М.Батбилэг хөтлөн явуулсан бөгөөд уг ярилцлагыг тоймлон хүргэж байна
-80 дугаарын микрофон бол олон нийтийг төлөөлж тэдний байр суурийг илэрхийлэх нэвтрүүлэг юм. Үүний анхны зочноор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаярыг урилаа. Та хаана төрсөн билээ?
-Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн хүн. Аав Ханхонгор, ээж Баяндалай сумынх. Тэгээд цаашаа нүүсэн дээ, Ханбогдод амьдарсан. Манай аав яруу найрагч, дээрээс нь 28 жил багшилсан багш хүн. Тэр үед чинь томилолт өгөөд л явуулдаг байсан шүү дээ. Би эхээс тавуулаа. Дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй. Айлын том хүү. Айлынхаа бол хоёр дахь нь.
-Хэвлэл, мэдээллийн салбар бусад салбараас сэтгэл зүйн их хат шаарддагаараа онцлог байдаг?
-Бидний ажил их онцлог. Сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд зайлшгүй баримтын араас хөөцөлддөг. Нийгэмд болохгүй байгаа асуудлыг гаргаж тавьдаг. Өөрөөрөө золиос хийгээд ч болтугай энэ нийгмээ засахын төлөө явах ёстой.
-МСНЭ-ийн тэргүүн байхдаа энэ чиглэлд юу хийв?
-Би бол менежмент, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарын бүтэц, зохион байгуулалт талаас нь дэвшил хийе гэж ажилласан. Тэгэхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч болохоороо бүх юмыг шийдчихдэг, бүгд гарт баригдаж, нүдэнд харагдахаар байна гэж тооцсон маань алдаа байсан. “Ямар янзын амьтан тавьчихав аа, гарч ирээд л мөнгө яриад байдаг” гэх шиг. Мөнгө нь юу байсан бэ гэхээр 16 давхар, 10 мянган м/кв “Сэтгүүлч ордон” барина. Хоёрдугаарт, 1000 сэтгүүлчийн орон сууц барина. Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийднэ. Энэ салбарыг тогтмол санхүүжилттэй болгоно гэсэн. Ямар ч гэсэн “Сэтгүүлч ордон”-ыхоо газрыг шийдсэн.
-Салбарын тэргүүн маань тэмцэгч болоод явчихсан. Энэ тэмцэл Тост, Тосон бумбаас эхэлдэг. Тост, Тосон бумбын нурууг үндсэнд нь тэр чигт нь төрийн тусгай хамгаалалтад авлаа. Та ер нь хэн бэ?
-Би уг нь 2002 онд математикч, эдийн засагчаар төгссөн хүн. 2019 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг мэргэшлээр олж авсан. 1998 оноос эхлээд сурвалжлагчаар ажилд ороод 2002 онд “Зиндаа” сониноо байгуулаад, 2017 оноос “Эрхэт Монгол” медиа групп болсон. Би хэвлэл, мэдээллийн салбарт өөрийгөө мэргэшлээрээ, амьдралын туршлага, энэ салбарт, энэ ажилд хайртай, дуртайн хувьд олж авсан. Та намайг тэмцэгч гэж харж байгаа юм байна. Би энэ тэмцлийг сэтгүүлчийн буянд хийсэн хүн. Ерөөсөө тэмцэгч юм уу, сэтгүүлч болоод төрчихсөн хүн биш. Би сэтгүүлчийн гэр бүлд, яруу найрагчийн гэр бүлд төрсөн. Тэр нь надад ойрхон. Сэтгүүлчид янз бүрийн байдлаар шүүмжлэлтэй ханддаг. “Мандахбаяр гэдэг хүн салбарын ажлаа хаяад уул уурхайтай тэмцээд явчихлаа“ гэдэг. Би тэмцэх ёстой шүү дээ. Яг эх нутгаа хамгаалах гээд эхлээд сэтгүүлчийнхээ хувьд энэ тэмцэлд орсон. 2017 оны дөрөвдүгээр сард Тосон бумбаас сурвалжлага хийхэд тагнуулынхан бариад хорьчихсон. Тэр үед телевизээр цацах боломжгүй байлаа шүү дээ. Миний хийсэн сурвалжлагыг мөнгө төлье гэхэд цацахгүй байлаа.”Тосон бумбын нулимс” гэдэг гурван цуврал нэвтрүүлэг хийгээд, тагнуулд баригдаад, гурван хоног Ганц худагт хоригдож, хоёр сар шалгагдаад тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Надад ямар ч хамааралгүй хэргээр хэрэг үүсгэсэн. Тэр намайг хурцалсан. “Тэгвэл би илүү хэрсүү байх ёстой юм байна. Зохион байгуулалтад орох ёстой. Шийдэл олох ёстой юм байна” гэж бодсон. Тэгээд би иргэний нийгмийн байгууллагуудтай нийлж тэмцсэн. Өөрөөр хэлбэл, энэ тэмцлийн төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалт, менежментэд оруулсан. Энэ бол ялалтын үндэс байсан гэж боддог.
-Тост, Тосон бумбын төлөө тэмцэхдээ та тэнд байсан компанитай тэмцсэн юм уу?
-Би бол компанитай биш, асуудалтай тэмцсэн. Жишиг шийдэл гаргуулахын төлөө жишиг тэмцэл хийсэн. Шийдвэр гарах нь тодорхой гэдгийг би олж харсан. Тост, Тосон бумбад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан Б.Чойжилсүрэн гишүүний нэр холбогддог “Сауд гоби коал транс” гэдэг компани түмэн янзын хууль зөрччихсөн. Энэ компанийн лиценз “Айвенхоу Майнз”-ийн хорчин Боб хочит Фрийдландаас эхтэй шүү дээ. Тэр хүний түүж авсан олон лицензийн нэг салаа мөчир нь энд явж байгаа юм. Жастин Капла гэдэг нөхөр хожим холбогдож ирдэг лиценз. Яг энэ дээр төрийн шийдвэр гарч чадахгүй бол миний хувьд, иргэний хувьд, сэтгүүлчийн хувьд дүгнэхэд итгэл найдлага үлдээгүй юм байна гэж бодсон.
Би юунд итгэж байсан бэ гэхээр хууль зөрчсөн маш тодорхой үйлдлүүд байна. Хамгийн муу жишиг тэнд байна. Үүнийг шийдүүлж чадах юм бол хариуцлагагүй уул уурхай гэдэг зүйлд Монгол даяар доргио үүснэ. Т.Лхагвасүмбэрэл гэж сайхан залуу амиа алдсан. Би энэ тэмцлийн араас сэтгүүлчийн ажлаа хийгээд явж байхдаа энэ бол аллага байжээ гэж хатуу итгэж үнэмшсэн хүн. Тийм учраас энэ залуугийн амийг төрөөс дахиж нэхэх ёстой гээд ҮАБЗ, Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газарт хандсан. Яг үнэндээ энэ хүнийг хоёр удаа алсан. Эхлээд эх орон, газар шорооныхоо төлөө, ховор ан амьтныг хамгаалахын төлөө явсан эх орончийн алтан амийг бүрэлгэсэн. Дараа нь нэр хүндийг нь, нэр төрийг нь, итгэл үнэмшлийг нь, энэ хүнд итгэсэн монголчуудын, олон зуун хүний итгэл үнэмшлийг, байгаль хамгаалах, эх орноо хамгаалах үзэл санааг үгүй хийж байгаа. Захиалагчтай, гүйцэтгэгчтэй тодорхой хэрэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нэгэн цагт мэдэгдэж байсан.
ТББ-ууд энэ хэргийн талаар гомдол гаргаж байгаа. Гэтэл “Үүнийг та нэхэмжлэх эрхгүй байна” гэсэн хариу ирсэн. Бид зогсохгүй. Тийм юм бол бид яг хуулийн шаардлагыг нь хангаж энэ залуугийн амийг Монголын төрөөс, тэр алуурчдаас нэхэх болно. Жишээ нь, тэр Тосон бумбад байсан компанийн асуудал шийдэгдэхээр яаж байгаа вэ. Араас нь Ноён уул, Архангайн Цэнхэр чөлөөлөгдөж байна. Өмнөговьд найман компанийн 11 лиценз чөлөөлөгдөж байна. Хууль бус л байсан байхгүй юү. Бид хуульгүй, дүрэмгүй амьдраад ирсэн. Яг үүний жишээ бол Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг. Тэр залуу амь үрэгдсэн явдал олон тэмцэгч, олон иргэдийн зүрхэнд амь настай нь холбоотой цохилт болж ирж байна. Ядаж өөрөө айхгүй ч гэр бүл нь анхааруулна биз дээ. “Боль, үүний араас явж байгаад амиа алдах вий. Ирвэс хамгаалагч залуу шиг болох вий” гэдэг коммент, мессеж надад ямар олон ирж байна. Ийм айдас бий болгосон байна. Энэ бол эх оронч үзлийг нухчин дарж байгаа, байгаль хамгаалах үйлсийг нухчин дарж байгаа явуулга.
-Ноён уулын тэмцэл таны мэргэжлийн сэтгүүлчийн хувьд явж ирсний ялалт мөн үү?
-Ноён уул дээр Монголын ард түмэн ялсан. Монголын төр ялсан.Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хэчнээн жилийн туршид Монголын шүүхтэй үзэв ээ. Монголын тэр хонгилын гэдэг юм уу, 60 тэрбумын гэдэг юм уу, энэ тогтолцоотой үзлээ шүү дээ.
-Энэ тэмцэл хаана хүрэх юм. Эсвэл уурхайг бүгдийг нь хаах уу?
-Наадах чинь нийгэмд үүсч байгаа болгоомжлол мөн. Гэхдээ үүнээс илүүтэй нөгөө талаас асуудлыг муухай харагдуулах гэсэн арга заль мөн. Хоёр талтай юм. Бид хариуцлагагүй уул уурхайг хааж, хариуцлагатай болгох тэмцэл хийсэн хүмүүс болохоос биш, бүх уурхайг хаая гээгүй. Бид "Тавантолгой"-гоо дэмжих ёстой. Гэхдээ үр ашиг нь илүү тодорхой бай. Авлигагүй, ашиг сонирхолгүй бай. "Оюутолгой"-гоо бид дэмжих ёстой. "Эрдэнэт"-ээ дэмжих ёстой. Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгааг дэмжих ёстой. Салхитын мөнгөний ордоо ашиглах ёстой. Гэхдээ хуулийн дагуу, авлигагүй, ард түмэндээ ээлтэй байдаг, айлын хаалгаар тэр мөнгө нь давж ордог байя л даа. 30 жил явсан үйл явцын ард эргээд харсан чинь бидний уул уурхайд барьсан төрийн бодлого буруу байжээ. Үүнийг бид засахын төлөө явж байгаа. Энэ тэмцлийн эцсийн үзүүр энэ дээр очих ёстой. Бодлогын шинэчлэл хийх ёстой. Эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Эргүүлээд энэ мөнгө Монгол хүний халаас руу, Монгол айлын хаалгаар давдаг болох хэрэгтэй. Энэ улсын хамгийн том эдийн засаг нь уул уурхай байна. Бид уул уурхайгаа дэмжиж хөгжүүлэх ёстой. Гэхдээ хуулиудынхаа уялдаа холбоо, төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, энэ бүхнийг сайжруулж, бодлогын шинэчлэлт хийхгүйгээр энэ бүхэн явахгүй юм байна гэсэн бодолтой хүн. Үүнийг хийлгэхийн төлөө сэтгүүлчийн тэмцэл явж байгаа. Энэ цаашдаа дахиад үргэлжилнэ. Нэг зүйлийг би ялангуяа залуучуудад захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугатаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Чи эцсийн зоосыг өгсөн үедээ л өрийг дарна. Тэр өрийг төлж л давдаг. Яг үүнийг одоо уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар тэр уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар нь алт угаачихсан шүү дээ. Та нар ойг тэр чигээр нь сүйтгээд, байгаль ээжийн өрцийг цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс үр хүүхэд чинь идэж байгаа шүү дээ. Удам судар чинь идэж байгаа шүү дээ. Энэ өрийг төлнө.
-Х.Мандахбаярын тэмцэл шударга ёсны тэмцэл үү, эрх ашгийн тэмцэл юм уу гэдгийг ялгахгүй хүмүүс байна.
-Би говийн хүн. Нүдний рашаанаар алт угаасан байна гээд бод л доо. Түүнээс болж тэр нутгаас тэр компанид ажилд орсон хүмүүс бүгдээрээ зэрэг ажил хаяж гарсан байна. Жишээ нь, чи миний тэмцэлд итгэж байна уу.
-Би итгэж байна. Гэхдээ уул уурхай Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг салбар шүү дээ. Төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлж байгаа. Лицензээ хууль ёсны дагуу авсан гээд байгаа асуудлуудыг яах вэ?
-Яг үнэн. Одоо ингээд тэмцээд л яваад байх юм уу. Энэ олон иргэний хөдөлгөөнүүд хуультай хуульгүй үйл ажиллагаа хийгээд яваад байх уу. Энэ хэдэн иргэний хөдөлгөөнүүдээ захиалгаар харлуулж байхгүй болгох уу. Сэтгүүлчид шантаажчин гэдэг шиг иргэний хөдөлгөөнүүд бас шантаажчин нэртэй. Би дотор нь орж ажиллаж үзсэн. Энэ залуучуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай, “Хил хязгааргүй алхам”-ын Н.Баярсайхан, “Эрс шинэчлэл”-ийн Д.Энхбат зэрэг хүмүүстэй би уулзаж үзсэн.
Би хамтарч ажиллаж үзсэн. Гайхмаар эх орончид. Гайхмаар үнэний төлөө явдаг хүмүүс. Өөрийнхөө амьдралыг орхичихоод үүний араас яваад байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүст өөр арга үлдээгүй. Хэвлэлд мэдээлэл, ярилцлага өгье гэхээр түүнийг нэвтрүүлэхгүй байх шалтгаан байна. Шаардлага байна. Дуу хоолойгоо төрд хүргэе гэхээр шийдэхгүй байна. Тэгээд л энэ хүмүүс тэмцэл гээд гудамжинд гардаг юм байна лээ шүү дээ. Тэгж байж л өөрийнх нь 100 үгээс хоёрыг нь сонсдог. Яригдаад байгаа зүйлүүд нь шийдэгддэг бол Тост, Тосон бумба дээр очиж мөнгө, цаг, нервээ үрж тэмцэх ямар хэрэгтэй юм. Хуулиараа л шийдэгдээд явах ёстой. Төрийн захиргааны байгууллагууд нь ажлаа хийгээд явах ёстой. Байгаль хамгаалагч, экологийн цагдаа нь энэ асуудлаа шийдээд явах ёстой. Үүнийг л ийм болгох хэрэгтэй юм байна. Үзэл санаа, бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт энд хэрэгтэй. Би аль хэзээний л уул уурхай болохгүй байна. Байгаль хамгаалал болохгүй байна гээд бичиж байсан. Нэвтрүүлж, нийтэлж байсан. Эргээд өөрөө 2017 оноос хойш энэ үйл явдал дунд ороод, тэмцээд, бүр гүн рүү нь орж сурвалжлаад ирэхээр өөрийн эрхгүй шоконд ордог юм байна. Би тэр шокоос одоо л гарч байгаа хүн. Өнгөрсөн оны сүүлээр “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” гэдэг үндэсний хэлэлцүүлгийг яг хувийн компанийнхаа зардлаар, өөрийнхөө хувьдаа хийх ажлуудыг хойшлуулж байгаад 21 аймгаар тойрч хийсэн. Одоо надад хэдэн боодол цаас байна. Хэдэн боодол гомдол байна. Баримт байна. Үүнийг шийдэхгүй юм чинь яах юм. Тийм учраас үзэл санааг бий болгоё гэж байгаа юм. Одоо монголчууд энэ тэмцлийг орхиж болохгүй. Ингэж байж төр, засагт, шийдвэр гаргах түвшинд асуудлыг ойлгуулж, шахалт үзүүлэх ёстой.
-Энэ танд ямар хэрэгтэй юм?
-Би энэ улсын иргэн. Асуудал ийм байгааг олж харлаа. Би үүний төлөө явахгүй юм бол өөр хэн явах юм. Хүн энэ ухамсарт амьдралыг өөртөө зориулж, өөрөө сайхан амьдрах, гэр бүлээ сайхан авч явах үүрэгтэй л байх. Айлын эр хүн, эцэг хүн. Гэхдээ надад бусдаас илүү боломж байна шүү дээ. Надад дунд хэрийн хувийн медиа групп байна. Хүнд худалдагдахгүй өөрийгөө аваад явчих санхүүгийн боломж байна. Өөрт сэтгүүлчийн гэдэг юм уу, олон нийтийн өмнө гараад ярих авьяас чадвар байна. Үүнийг илүү олон хүнд зориулмаар байна. Даан ч үнэндээ 21 аймгаар явсны дараа энэ тэмцэл, асуудал дунд өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэдгийг бас олж харсан. Гэхдээ бууж өгч болохгүй. Нутгаасаа эхэлье.Өмнөговьд ямар ч байсан уул уурхайн үйлдвэрлэлийн 70-80 хувь нь явж байна. Эхлээд уул уурхайг хариуцлагатай болгох тэмцлийг хийх иргэдийг нэгтгэе л гэж гарсан хүн. Одоо өмнөговьчууд гайхамшигтай нэгдэж байгаа. Чи алхах тусмаа алдаж байгаа юм бол зогсоод бод. Дүгнэ. Цаашаа явахаар тэртэй тэргүй алдана. Тийм бол явж яах юм. Зогс. Зогсож байгаад бодох ёстой.
-Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн. Иргэд дэмжиж байгаад ялсан. Тэр үед юунд нь нулимс гаргасан юм?
-Тэр нулимс бол тухайн моментын нулимс. Тэгэхдээ надад бол буянтай нулимс. Хэдийгээр уйлсан асуудал нь олон нийтэд шооч байдлаар ч юм уу, янз бүрийн байдлаар хүрсэн ч гэсэн миний үйлс, зорилгыг олон нийтэд тодотгож өгсөн рашааны булаг шиг нулимс шүү. Би бол тэр нулимсандаа хайртай. Би харамсдаггүй. Тухайн үеийн ситуац их өөр байсан юм. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан. Ээж маань ирчихсэн. Би ер нь өвчин ярьдаггүй, цовоо цойлгон талдаа хүн. Тэгсэн гараа даадаггүй. Толгойгоо даадаггүй. Үг гардаггүй. Ингээд болдоггүй.
-Сэтгэл санааны юм байсан юм биш үү?
-Сэтгэл санааны ч юм байсан байх. Яг тэр үед муу ээжийгээ л бодож байгаа юм л даа. Хүн ч томоожихгүй л амьтан юм байна. Ингэн ингэн ээжийгээ зовоогоод л. Хөгшин настай эцгийгээ зовоогоод. Хоёр нялх хүүхдээ хаяад ирчихсэн. Гэргийгээ зовоогоод л. Юуны төлөө яваад байгаа юм бэ гэж. Тэр бол гэр бүлээ харамласан, хайрласан нулимс. Магадгүй том утгаар нь, хэрэв зөвөөр нь харж чадвал эх нутгаа хайрласан нулимс. Эцсийн эцэст хүн бол сэтгэл санааны амьтан. Тэр орой бол “Ёстой алалцана аа, эд нартай нэгийгээ үзнэ ээ” гэж бодсон. Илүү их зоригжиж байгаа юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн нэг үг байдаг. “Эр хүний нулимс цуснаасаа илүү үнэтэй байдаг юм шүү“ гэж. Би тийм нулимсаа гаргачихсан хүн. Эргэж буцах аргагүйгээр энэ тэмцэлд шуударсан.
-Тэр бэрхшээлүүд, хадгаламж зээлийн хоршоо дампуураад буцаж зүтгэж байх хоёрын аль нь хүнд даваа байсан бэ?
-Магадгүй, хадгаламж зээлийн хоршоо байгуулаад дампуурсан үедээ унаж үзсэн туршлага, мэдрэмж намайг хурдан босгож байна. Би 2006 онд дампуурсан. 2002 онд “Зиндаа”-г байгуулаад, 2005 онд 27 настай, тэр үед өөрийгөө их баян болчихсон л гэж бодож байсан. Яалт ч үгүй мөнгөтэй л болчихсон байсан л даа. Хэний ч зөвшөөрөлгүй, хэний ч шахалт шаардлагагүй, хяналтгүйгээр зарцуулдаг мөнгөтэй, 27 настай залуу явж байна гэж бод. 17 компанитай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ оруулах юм бол 21 компанитай, 500 сая төгрөг кейшилчихсэн залуу явж байгаа шүү дээ. Тэгж яваад унасан. Дампуурсан. Хэн ч биш болсон. Яг шоронгийн хаалганы өмнө би олон удаа ирсэн шүү. Арай ч хоригдчихоогүй. Би хадгаламж зээлийн хоршоо байгуулаад 1200 хүнд 2,7 тэрбум төгрөгийн өрөнд ороод явж байхдаа шоронд ороогүй хүн Тост, Тосон бумбынхаа төлөө тэмцээд нэвтрүүлэг хийснийхээ төлөө энэ ардчилсан нийгэмд хоригдож үзлээ шүү дээ. Х.Мандахбаяр гэдэг хүн одоо л нэг мөнгөтэй болчихсон ч юм уу, одоо л хэдэн төгрөгтэй болсон юм шиг хүмүүс ойлгодог. Тийм биш л дээ. Би 24 настайдаа бизнесээ эхэлсэн хүн. 27 настайдаа Монголын дунд хэмжээний компанийн эздийн нэг болчихсон байсан. Тэгээд дампуурсан. Дампуурахдаа зүгээр ч нэг дампуураагүй. Бүх юмаа хаяж дампуурсан. Хамгийн сүүлд би 2010 онд муу ээжийнхээ байшинг өрөнд өгч байлаа шүү дээ. Би зургаан жил өр төлж амьдарсан.Өглөө босоод л яаж өр төлөх вэ, яаж мөнгө олж ийш нь өгөх вэ гэдэг амьдралыг би туулсан.
-Тэгээд яаж болгов?
-Хүн болгоё гэвэл болгодог. Нэг зүйлийг би залуучуудад ялангуяа захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугтаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Эцсийн зоосыг өгсөн үедээ л чи өрийг дарна. Яг үүнийг уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа энэ хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар алт угаасан шүү дээ. Та нар ойг тэр чигт нь сүйтгээд байгаль ээжийн өрцийг нь цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс чинь үр хүүхэд, удам судар чинь идэж байгаа. Энэ өрийг төлнө. Байгалийн хууль ийм.
-Наадах чинь аймаар үг байна даа.
-Үнэн шүү дээ. Хэзээ нэг үед төлнө, есөн үеэрээ төлнө. Дахиад сүнс чинь төлнө. Үр хүүхэд чинь төлнө. Үүнийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Сэжиг сүжиг гэж юм байхгүй байж болно. Шуналын дэв нүдийг чинь сохолсон байна аа л гэж хэлэх гэж байгаа юм. Тийм учраас одоо энэ шуналаа татах хэрэгтэй. Хүнд ер нь уул овоо шиг мөнгө ямар хэрэгтэй юм. Ямар ч байсан нийгмийн, нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн би бол өөртөө тийм шаардлага тавьдаг хүн. Нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн ямар ч байсан авлигын мөнгө авахгүй байх хэмжээнд өөрийн санхүүгээ зохицуулсан байх хэрэгтэй.
-Энэ тэмцлийг та төрсөн нутагтаа төлж байгаа өр төлөлт гэж ойлгож байна уу?
-Миний энэ тэмцэл одоо л эхэлж байгаа. Би ерөнхийдөө мориор бол давхилаа, хүнээр бол одоо л ухаанаа олж байгаа хүн. Би хатуу итгэл үнэмшилтэй болсон. Яг энэ тэмцлийг хийхийн тулд золиос байвал хийх ёстой юм байна, үүний талд хатуу зогсох ёстой юм байна гээд өөрийгөө кодолчихсон. Би өөрт чинь нэг юм хэлэх үү. Тосон бумбын тэмцлийг яаж хийсэн юм бэ гэж. Би уул усанд амлаж хийсэн хүн. Энэ бол яг үнэн. Энэ нөхдүүд намайг мөнгө нэхэж шантаажилж байна л гэнэ, улс төрд орох гээд нэр хүнд хөөцөлдөж байна л гэнэ, попорч байна л гэнэ. Юу ч гэж хэлж байсан би эх орон, газар шороо, эцэг дээдсийнхээ өмнө амласан амлалттай хүн. Үүний араас маш хатуу итгэл үнэмшилтэй, дээрээс нь хүний үг сонсохгүй яваад байгаа чинь энэ.
-Тост, Тосон бумба гээд явж байхад Б.Чойжилсүрэн гишүүн холбогдсон уу. Уулзаж байв уу. Яагаад шантаажчин нэр аваад байдаг юм бэ?
-Яагаад гэвэл би сэтгүүлч шүү дээ. Энэ тэмцлээ больчих оо, тэдэн төгрөг өгье. Хамтарч бизнес хийе, ийм дэмжлэг үзүүлье гэхээр нь хүлээж авахгүй болохоор “Энэ ер нь яадаг дурак вэ. Буруу ишилсэн сүх шиг. Наадахаа устга, дуусга, нэр төрийг нь гутаа, тэмцлийг нь мохоо”, өөр яах ёстой юм, бүгдийг хий гэсэн даалгаврыг л өгдөг юм байна. Надад өчнөөн тохиолдол байсан. Сүүлдээ хамгийн итгэж явсан найзуудын нэг нь хүрч ирээд “Чи хөгшөөн, уулзчих л даа” л гэж байгаа юм. Тэгэхээр нь би ганц л аргатай болсон. Шууд л утсаа гаргаж ирээд “Чамайг Чойжилсүрэн явуулсан уу. Хэн явуулсан бэ” гэж асуудаг. Тэгэхээр энэ ямар өвчтэй , балай болчихсон юм бэ гэдэг болсон. Сүүлд "Страто" дээр миний хайрлаж хүндэтгэж явдаг эгч над руу ярьсан.
Яагаад бид нар ийм болчихов. Хамгийн хайрлаж хүндэлж байсан хүмүүс маань хууль бус зүйлийн эсрэг биш, талд нь зогсоод байгаа нь л энэ системийн чинь асуудал, энэ улс орны чинь асуудал болчихсон байна шүү дээ.
-Та яагаад ингэж бодож байна вэ?
-Би өөр дээрээ жишээ авч байгаа учраас мэдэж байна. Цэнхэр, ягаан тасалбар гэж байсан. Монголчууд хөөрхий, бүгдээрээ хувь хувьцаа, өмч хувьчлал гэж юу вэ гээд эргэлзэж байх зуур гадаадад явж галуу шувууны мах идсэн хэсэг нь лиценз гэдэг юмыг “хусаж” байсан байна. Лиценз гэдэг А4-ийн цаасаар, ямар ч хуульгүйгээр “Үхэртийн хөндий манайх” гэдэг шиг “Энэ газар минийх” гээд авсан байна. 4000-5000 лиценз тараагдсан. Тэгээд Монголыг тэр чигт нь лицензийн талбай болгоод хуудас цаасаа барьж яваад БНХАУ, Канад, АНУ, Австрали ОХУ гээд дэлхийгээр нэг зарчихсан. Үүний цаана далд эдийн засаг, авилга, хээл хахууль, албан тушаалын наймаа бий болж, тэр тогтолцоо, мөнгө, лицензээ хамгаалахын тулд мафижиж байгаа юм. Ийм том тогтолцоо үүссэн. Эргээд засъя гэсэн чинь хяналтаасаа алдчихсан. А4-ийн цаасаар АГМ майнинг гэх компани 15 мянган га газар авсан байна. Оюутолгойгоос гурав дахин том газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани аваад тэр уулыг тал бүрээс нь ухаж байна.
-Тийм том юм уу, "АГМ майнинг" ХХК чинь?
-Тийм шүү дээ. Хийж байгаа ажлыг нь харах юм бол муу ёрын юм хийж байгаа. Ямар сайндаа нүдний рашаанаар алт угааж байх вэ дээ. Тэр компанийн жишээн дээр аваад үзэхэд Оюутолгойгоос гурав дахин том газар нутгийг лицензээр авчихсан. Бүгдийг нь ухах нь л дээ. Энэ солиорол, гажуудал биз дээ. Харин тэр лицензийг энэ солонгос ирээд гаргуулаагүй. Тэр лиценз нь 4-5 удаа дамжин зарагдсан. 1993 оноос улбаатай. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын яг баруун урд талд нь байрлалтай энэ газрыг тэр хэсгээс нь гаргаад арал шиг цоолоод авчихсан. Алтан уулыг нь тойруулаад цагираг шиг лиценз олгочихсон. Бүр биднийг доромжилчихсон, тэнд алт байгааг мэдээд байна шүү дээ. Тэгээд тэрийг нь ухаж авахын тулд авлига, маш олон лобби явсан гэсэн үг. Ингэж гажуудсан юм. Бодлогын шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэл гээд байгаа юмыг уг мухраар нь шийдэхгүй бол Мандахын тэмцэл зогсохгүй. Иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл дуусахгүй. Ноён уул шиг тэмцэл дуусахгүй. Одоо бодлогын тэмцэл хийж эх орондоо эзэн шиг байя л даа. Үүнийг хэн нэг нь засах л ёстой. Би засахгүй бол өөр хэн засах вэ гэж л хандаж ирсэн. Би мундагтаа биш. Би эцэг дээдсийн тэр дуудлагыг л хүлээж авч байна гэж боддог.
-Та хууль зөрчиж байгаа бүх газарт очиж тэмцэх юм уу. Улс төрийн алхам хийх юм уу?
-Би хийнэ ээ. Одоо өөр зам үлдээгүй. Яг үнэндээ хувь хүнийхээ хувьд ч харсан. Энэ тэмцлийн үзүүр мухардалд ороод байна. Улс орны хэмжээнд ч мухардалд ороод байна. Үүний тулд амьдралаа зориулна, 2020 оны сонгуульд боломж олддог юм бол, мандат нь олддог юм бол дэвшинэ ээ. Би ингээд зарлачихаж байгаа юм.
-Таны барьж авсан асуудал бүхэн шийдэгдэж байна. Үүнийг та болохоор надад мундаг баг байдаг юм аа. Бид багийн хүчээр шийдэж байна гэдэг. Гэтэл нөгөө талаас харж байгаа хүмүүс Х.Мандахбаяр намын хүчээр шийдэж байгаа юм аа. У.Хүрэлсүхтэй ойрхон, Л.Оюун-Эрдэнэтэй найзалдаг болохоор шийдэж байна гэдэг?
-Яг үнэндээ өнгөрсөн хугацааны тэмцлүүд, шийдвэрүүд дээр намын хүч хэрэглэсэн нэг ч юм байхгүй. Үүнийг хатуу хэлье. Би У.Хүрэлсүх даргад зүрх сэтгэлээсээ баярлаж явдаг. Иргэд тэмцээд байдаг. Шийдвэр гарахгүй бол яах юм бэ. Өмнө нь гаргадаггүй байсан шүү дээ. Тэгвэл шийдвэр гаргадаг, шударга ёсны алхыг цохиж чаддаг, Монголын төр эзэнтэй, энэ улс эцэгтэй гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Би эрх мэдэлд тийм дуртай хүн биш. Яагаад ч юм энэ амьдрал намайг ийм болгож хүмүүжүүлсэн. Би нүүр бардам хэлнэ. Жар хүрсэн ахмад хүнээс илүүтэй амьдралын жаргал зовлонг туулсан байж магадгүй. Би зургаан жил өр төлж амьдарсан. Хэн ч биш болчихоод муу аавтайгаа Дэнжийн мянгын захын хажууд айлын хашаанд таван ханатай гэр дугуйлаад хоёр жил амьдарсан. Яг амьдралын бор хөрсөн дээр бууж явсан. Одоо нэг их эрх мэдэлд шунаад гоё амьдрах гээд яах юм. Би хангалттай сайхан амьдарч байна. Эхнэр хүүхдээ сайхан авч явахын тулд тэр гэрийн санхүү, хамт олныхоо цалинг цагтаа тавьчихдаг хувийн бизнестэй. Улс төр хийгээд явъя гэхэд хүний барьцаанд орчихгүй санхүүгийн боломжтой байна. Үүнээс илүү яах юм. Энэнээс илүү мөнгө үрээд л эхлэх юм бол чи зовлон үүрнэ. Ингэж бодох хэрэгтэй. Эрх мэдэлд хүрээд дахиад шунах юм бол чи зовлон л үүрч байгаа шүү дээ. Чи юу хийх гэж байгаа юм, ямар газар очиж зогсох гээд байгаа юм. Тэр газар чинь очиход хүндрэлтэй байгаа бол түүнийгээ хараад, газар ухахад хүрз хэрэгтэй машин хэрэгтэй гэдэг шиг эрх мэдлийг би тэгж л харж байна. Одоо надад дархлаа бий. Би унаж болохгүй гэсэн дархлаа байгаа. Тэгэхээр надад унах эрх байхгүй, ухрах эрх байхгүй. Одоо дайрах ёстой юм байна. Давших ёстой юм байна. Энэ хулгайч нартай, авлигачидтай очиж байж үзнэ үү гэхээс биш эндээс барахгүй юм байна. Яахав, нэг хоёрыг нь барж л байна. Эд нарыг нийтэд нь барах хэрэгтэй. Ингэж байж монгол хөгжинө.
-УИХ-ын гишүүд өөр өөртөө 76 микрофонтой. Төрийн гурван өндөрлөгийг нэмээд 79 болж байгаа. Харин бидний гарт 80 дугаарын буюу олон нийтийг төлөөлөх микрофон байна. Өнөөдөр би тантай ярилцсан нь 80 дугаарын микрофоныг төлөөлж чадсан гэж итгэж байна.
-Чиний зүрх сэтгэлд, чиний оюун тархинд эх орон чинь байгаа юм бол чи үүний төлөө л явж байх ёстой. Үүний төлөө дандаа зогсож байх хэрэгтэй. Энэ Монголыг, монголчууд хайрлахгүй юм бол өөр хэн ч хайрлахгүй. Одоо энэ цаг үе хамгийн эгзэгтэй цаг үе. Энэ цаг үед Монголыг Монголоор нь авч үлдэж чадахгүй юм бол үүнээс цааш аюул болох нь ээ гэдгийг бүгд ойлгож байна. Энэ зүйлийг авч үлдээсэй гэж залуучуудаас хүсэж байна. Бид нар ямар эх орон, газар шороо, ямар тусгаар тогтнол үлдээх гэж байгаа юм бэ гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Энэ бол монгол хүн бүрийн ярианы сэдэв. Тийм учраас 80 дугаар микрофоны ард суух ёстой хүн гэж тооцож байгаад туйлын баяртай байна. Нөгөө талаас хариуцлага гэж харж байна. Энэ микрофоны ард хэлсэн үг төрд хүрдэг, нийгэмд оч гаргадаг, асуудлыг шийддэг байгаасай гэж хүсье.