logo
Украины дэд сайд агсны хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Украины дэд сайд агсны хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2020/05/19
Украин Улсын "Түр эзлэгдсэн газар нутаг" болон Дотоод дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дэд сайд асан Юрий Грымчактай холбоотой эрүүгийн хэргийг тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо (АТҮТ) хэрэгсэхгүй болгосон байна.

Ю.Грымчак энэ тухай өөрийн “Facebook” хуудсандаа “Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 366 дугаар зүйлд заасан албаны бичиг баримт хуурамчаар үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир уг хэргийг хаасан” гэж 5 дугаар сарын 12-ны өдөр бичсэн байна.

Харин Ю.Грымчакын өмгөөлөгч Татьяна Матяш энэ талаар өөрөөр мэдээлсэн байна. Тэрээр Авлигатай тэмцэх үндэсний товчооноос хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зүйл заалтаар нээсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байна.

Украин Улсын “Верховная Рада” парламентын депутат, “Слуга народа” намын гишүүн Александр Дубинский дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөхдөө “Авлигатай тэмцэх үндэсний товчоо нь АНУ-ын ЭСЯ-ны зарим этгээдүүдийн даалгавар, зааврыг биелүүлж хууль бус мөрдлөг явуулдаг” гэсэн бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний товчооны тэргүүн Артём Сытникийг огцруулахыг уриалсан байна.

Эргэн сануулахад Ю.Грымчак урьд нь Киев хотын түүхэн хэсгийг тохижуулах ажлын зөвшөөрлийг олгохдоо 500 мянган ам.долларын хахууль авсан үндэслэлээр баривчлагдаж байсан.

Эх сурвалж: https://regnum.ru

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш