logo
Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

2020/05/22

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 тоот захирамжаар энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн хурал нийт гишүүдийг хамарсан албан байдлаар таван удаа, албан бус цаг үеийн асуудлаар 12 удаа хуралдаж, тухай бүртээ ажлын явц, үр дүн, үүрэг даалгаврын биелэлт, дараагийн авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн оролцогч талуудад дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай. Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй. “Барилга архитектур корпораци” барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна” гэсэн мэдээллүүдийг өглөө.

Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үнсийг шууд байгальд нь хаяж болохгүй. Буцааж ашигтай бүтээгдэхүүн болгох боломж байгаа учраас холбогдох дүүрэг, газрууд энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш