"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 19 дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нийтлэгдсэн. Уг хуулиар дараах зарчмын шинжтэй асуудлуудыг тусгажээ. Тухайлбал, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий зөвлөлийг байгуулж, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгож, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмсэн байна.
Мөн нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан тусгаж, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах, баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлт зохицуулалт болон хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгосны зэрэгцээ хамгаалалт авсан гэрч, хохирогчийн мэдээллийн сан байгуулах, улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтлөх асуудлыг хуульчилсан байна.
Түүнчлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилохтой холбоотой Улсын Их Хурлын тогтоол, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох, чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.
Мөн “Аргачлал шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлалыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан бөгөөд Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зардлын ангилал, тэдгээрийн орц; Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зардал тооцох аргачлал, Хөрөнгийн зардал тооцох; Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тооцох; Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тооцох; Суурь зардлын тооцооллыг нэгтгэх, тохируулга хийх талаар тусгажээ.
Харин “Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолд Цахим хөгжлийн үндэсний хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагуудын удирдлага зэрэг нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байна.
Цахим хөгжлийн үндэсний хорооны дүрэм нь цахим засгийн төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий “Үндэсний хороо”-ны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.