Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлэх бөгөөд энэ өдөр газарзүй, уран зохиол, мэдээлэл технологийн шалгалтыг авах юм байна. Орос хэлний шалгалтыг хоёр өдөр буюу 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, математикийн шалгалтыг 7 дугаар сарын 6-ны өдөр, түүх, физикийн шалгалтыг 7 дугаар сарын 9-ний өдөр, нийгэм судлал, химийн шалгалтыг 7 дугаар сарын 13-ны өдөр, биологи болон гадаад хэлний бичгийн шалгалтыг 7 дугаар сарын 16-ны өдөр, гадаад хэлний аман шалгалтыг 7 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн Боловсролын хяналтын албанаас хичээл тус бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын нөөц хуваарийг гаргасан байгааг дуулгажээ.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг зөвхөн их, дээд сургуульд элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид өгнө. Бүрэн дунд боловсролын гэрчилгээнд бичигдэх үнэлгээг жилийн явцаар гаргаж, 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төгсөгчдөд гэрчилгээг олгоно.
Сургуулиуд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төгсөгчдөд зайнаас давтлага өгөх бөгөөд дээрх хуваарийн дагуу шалгалтаа хүндэтгэх шалтгаанаар өгч чадаагүй төгсөгчид 8 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч болох юм байна.
Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам болон Боловсролын хяналтын албаны батлагдсан журмын дагуу цар тахлын үед элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа шалгуулагчдын суудлыг зигзаг хэлбэрээр байрлуулж, шалгуулагчдын биеийн халууныг хэмжиж, гар ариутгал хийхээр болжээ.
Эх сурвалж: БСШУСЯ