Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж, ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол батлав.
Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа нь үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна. Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ.