logo
УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ

2020/06/08

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болон хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Хорооны гишүүд, ажилтнууд орсон. Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа тодорхой хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлууд дээр тодорхой шалгуурууд тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгодог. Үүний дагуу ажлын хэсэг дүгнэлтээ Хорооны хуралдаанд танилцуулж “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байна.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглах ба КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллах юм.

Эх сурвалж: СЕХ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш