Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22, 48 дугаар зүйлийн 48.11, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 тоот хамтарсан тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 14 хоногийн байдлаар нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч сурталчилгааны хоёрдугаар 7 хоногт мэдээллийн хөтөлбөрөөр гарч буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ нь хоногт таван минутаас хэтрэх хандлагатай байна.
Иймд радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой цаг үе, үйл явдлын шинжтэй (шүүх хурал, Улсын онцгой комиссын мэдээ, тэмдэглэлт арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, олон улсын хамтын ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх мэт) сурвалжлага мэдээ, мэдээний давталтаар нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг нэр дэвшигчийн талаарх хуулиар тогтоосон мэдээний 5 минутад хамааруулж тооцогддог болохыг анхаарч ажиллана уу.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу нэр бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд сануулах арга хэмжээ хүргүүлсэн, түүнчлэн хууль, журам зөрчсөн байж болзошгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн талаарх хяналтын дүн мэдээллийг Цагдаагийн төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна.
Иймд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгүүд, 46 болон 48 дугаар зүйлүүдийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО