logo
НҮБ-ын Төрийн албаны өдөр тохиож байна

НҮБ-ын Төрийн албаны өдөр тохиож байна

2020/06/23

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.

 Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.

Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна.

“Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд  зохион байгуулах юм.

Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

Улаанбаатар хот

2020 оны 06 сарын 22-ны өдөр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш