“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн "Гэрэг" нэртэй онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаад байсан юм.
Ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” ХХК, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх билээ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.
“The Hu” хамтлаг Монголчуудын уламжлалт урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.
Энэ дашрамд тус хамтлагийн талаарх мэдээлэлийг хүргэе. “The hu” хамтлаг Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондогийн удирдлага дор 2016 онд байгуулагдсан.
Нэрний учир нь “HU” буюу “ХҮ” юм. Хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэсэн үг бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн түүхтэй.
Тус хамтлаг дөрвөн гишүүнтэй. Ц.Галбадрах Галаа - хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч), Б.Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч), Г.Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин), Н.Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин).
Уран бүтээлийн урсгал чиглэл нь “Хүннү рок”. Гэхдээ тус хамтлаг 2016 онд байгуулагдсан ч “Хүннү рок” урсгалыг гаргаж ирэх гэж долоон жил зарцуулаад байжээ.
“Юу вэ, юу вэ, юу” дуу нь youtube сувагт 2018 оны есдүгээр сард байршсанаас хойш жил ч хүрэхгүй хугацаанд 12.7 сая хандалт авчээ.
Харин 2019 оны есдүгээр сарын 13-нд анхны цомог нь "Гэрэг" нэртэйгээр гарсан бөгөөд есдүгээр сарын 25-нд биллбоард-д “World albums” төрөлд жагсаалтаар нэгдүгээр орсон удаатай.