logo
“Kansai electric” компани өмнөх удирдлагуудаа хээл хахуулийн хэргээр шүүхэд өглөө

“Kansai electric” компани өмнөх удирдлагуудаа хээл хахуулийн хэргээр шүүхэд өглөө

2020/06/27

Япон Улсын цахилгаан эрчим хүчний Кансай компани өнгөрсөн мягмар гарагт хээл хахуулийн асуудлаар өмнөх таван удирдлагынхаа эсрэг хохирол барагдуулах нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв.

1.94 тэрбум иен (18 сая ам.доллар)-ийн уг нэхэмжлэлд тус компанийн атомын цахилгаан станцуудын нэг байршиж буй нэгэн хотын орлогч даргатай холбоотой хээл хахуулийн асуудал багтаж байгаа юм.

Фукуи мужийн Такахама хотын орлогч даргад Кансай Электрик компанийн удирдлага болон ажилтнууд нь хээл хахууль өгч өөрийн холбоотой компаниуддаа ажил олж авдаг байсан нь өнгөрсөн 9-р сард тогтоогдсоноос хойш Осака хотод байрлах компани нь шүүмжлэлд өртөж эхэлсэн юм.

Нэр бүхий таван хүн ТУЗ-ийн үүргээ гүйцэтгэж чадаагүй гэсэн дүгнэлтийг даваа гарагт болсон хурлаар тус компанийн аудитын зөвлөлөөс танилцуулсны дараа уг нэхэмжлэлийг Осака хотын шүүхэд гаргасан байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар компанийн дарга асан Макото Яги, ерөнхийлөгч асан Шигеки Иване болон Шосуке Мори зэрэг хүмүүс дурдагдсан байна.

Тус компани уг хэргийн улмаас тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан 879 сая иен (8.19 сая доллар), олон нийтийн итгэлийг сэргээх зорилгоор зар сурталчилгаанд зарцуулсан 284 сая иен (2.64 сая доллар)-ийг хохиролд тооцон тусгасан байна.

Такахама хотын орлогч дарга Иижи Морияамад 1987 оноос хойш гуч гаруй жилийн хугацаанд нийтдээ 360 сая иен (3.35 сая доллар)-ийн дүн бүхий бэлэн мөнгө, бэлэг, хувцасны ваучер, сумогийн тасалбар өгч байсан гэж 3-р сард хөндлөнгийн шинжээчид дүгнэлт гаргасан.

Тус компани өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 93 удирдах ажилтан, ажиллагчдаа хээл хахуультай холбоотой хэргээр хариуцлага хүлээлгэсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш