logo
Нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг нутагшууллаа

Нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг нутагшууллаа

2020/07/09

Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан.

Тэгвэл энэ онд өмнөх онуудаас хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт нутагшуулахаар тавилаа. Минж нутагшуулсан байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулаад байна.

Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.

Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш