logo
Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

2020/07/10

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 09-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.

Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бөгөөд 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна. Зарим орон цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна. Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна. Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

Дашрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш