logo
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

2020/07/13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харваачдад Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

- 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол,

- 36 сум онож, 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дүгэржавын Баттулгад Монгол Улсын “Гарамгай харваач” цол,

- 36 сум онож, 3 дугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Пүрэвийн Явуухуланд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

- 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд  “Монгол Улсын мэргэн” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш