logo
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын анхааралд

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын анхааралд

2020/07/17

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам” батлагдаж, үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлэхийг үүрэг болгож, Хорооны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 255 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлэх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэг удаа сунгасан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Тогтоолд заасан хугацаанд 188 хуулийн этгээд хүсэлтээ ирүүлсэнээс Хорооны хуралдаанаар 111 хуулийн этгээдэд  /www.frc.mn/ үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Хороонд 77 хуулийн этгээд хандсан  бөгөөд холбогдох хууль, журмын дагуу хянагдаж байна.

Цаашид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авах нөхцөл үүсэхийг анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хороо
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш