logo
Дубайн гэрээний шүүх хурал Монголын эрх ашигт хэрхэн нөлөөлөх вэ?

Дубайн гэрээний шүүх хурал Монголын эрх ашигт хэрхэн нөлөөлөх вэ?

2020/07/17

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, мөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарыг Дубай хотод зурагдсан гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татсан шүүх хурал үргэлжилж буй. Ч.Сайханбилэгийн хувьд 2018 онд яллагдагчаар татагдсан ч Монголд ирж шүүх хуралдаанд оролцдоггүй. Шийдвэр гаргасан Ерөнхий сайд эзгүй, харин шийдвэр гүйцэтгэсэн Б.Бямбасайхан нар шүүгдэж байгаагаас гадна Монгол Улсын эрх ашигт энэ шүүхээс гарах үр дүн эерэгээр нөлөөлөх үү, сөргөөр нөлөөлөх үү гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн тал одоогоор гараагүй байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн засгийн газар Рио Тинтотой Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал хэтрэлт, 130 сая долларын татварын маргаан зэрэг асуудлаар дундын шийдэлд хүрч чадалгүй огцорсон. Түүний орыг залгасан Ч.Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээг байгуулснаар Монголын тал татварын маргаантай 130 сая долларыг 30 сая доллар болгож бууруулах зэргээр буулт хийхийн зэрэгцээ Рио Тинтогийн хувьд бохир орлогоос роялти төлөхийг хүлээн зөвшөөрөх зэргээр Монголын талд ашигтай зарим заалт дээр буулт хийсэн байдаг. 

Дубайн гэрээний зарим гол заалтаас:

  • 2%-ийн NSR-ийн хувьд:  2003 онд Түркүоз Хилл  BHP Billiton компаниас 2%-ийн NSR эрх худалдаж авсан. Энэ төлбөрийг авах эрхтэй эсэх талаар Монголын хуулийн хүрээнд маргаантай байсан. Түркүоз Хилл энэ талаар төлбөр авах эрхгүй гэж хүлээн зөвшөөрсөн.
  • 30 сая долларын татварын асуудлаар: буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй ч торгуулийн дүнг төлж, татварын маргааныг эцэслэх талаар зөвшилцөлд хүрсэн.
  • 5%-ийн роялтигийн талаар: Хоёр тал 5%-ийн роялтиг боловсруулах, тээвэрлэх, торгууль, бусад төлбөрийн зардлыг хассаны дараа биш бохир орлогоос суутгаж Монголын засгийн газарт төлөх тухай тохиролцоонд хүрсэн. Оюу Толгой борлуулалт эхлэснээс хойших хугацаанд хамаарах роялтиг дахин тооцож, 30 хоногийн дотор Монголын засгийн газарт төлнө.
  • Менежментийн төлбөрийн хувьд: ARSHA буюу хөрөнгө оруулагчдын гэрээнд 6 байхаар заасан ч менежментийг төлбөрийг далд уурхайн хувьд 6 биш 3% байхаар тохиролцсон. Ил уурхайн хувьд 6% хэвээр байна.
  • Монгол компаниуд Оюутолгойн худалдан авалтад давуу эрхтэй оролцоно. 

Одоо шүүх хурлаар эдгээр холбогдогчдыг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хоёр талд Дубайн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх эсэх нь хуулийн хувьд маргаантай асуудал болно. Энэ гэрээгээр хүчин төгөлдөр болсон далд уурхайн бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 3,8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдээд буй. Дубайн гэгдэх гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагч талууд дор хаяж дараах асуудлуудад шийдэл олох шаардлага тулгарна: 

1, Одоогийн байдлаар хийгдсэн 3,8 тэрбум долларын хөрөнгө оруулалт болон 2016 оны үнэлгээнээс даруй 1,3-аас 1,8 тэрбум долларын хөрөнгө оруулалт нэмэлтээр шаардлагатай гэгдэж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг ямар гэрээ, зарчмын дагуу үргэлжлүүлэх

2, Дубайн гэрээний үйлчлэлээр зохицуулагдсан зардал хэтрэлт, татварын маргаан эргэн сэргэх эсэх, сэргэсэн тохиолдолд хоёр тал хэрхэн тохиролцоонд хүрэх

3, Дэлхийн эдийн засаг саарч, түүхий эдийн эрэлт унаж буй өнөөгийн нөхцөлд далд уурхайн гарц хойшилбол Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцлийг хэрхэн удирдах

Түүнчлэн одоогийн байдлаар НҮБ-ын арбитрын шүүх дээр очоод буй 155 сая долларын татварын маргаан 2013 он хүртэлх хугацааг хамарч байгаа бөгөөд Дубайн гэрээний заалтыг Монголын талд ашиглаж арбитарт оролцох боломж мөн хязгаарлагдаж ирэх магадлалтай.  Үндсэн гэрээний хувьд ч шийдэгдээгүй асуудал олонтой Оюутолгойн гэрээ тойрсон Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хоёр талын харилцаа энэ шүүх хурлын дараа хэрхэн өөрчлөгдөх нь хараахан тодорхойгүй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш