Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байна. Сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2020.07.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Б.Баасандорж Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус газраас хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурал улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг 2018 оны зургадугаар сард баталсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бие даасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Энэ хугацаанд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт болоод иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний хувьд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн талаар онцлов. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Нэг иргэн – Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлахад Улсын бүртгэлийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн чармайлт гарган ажилласан. Үүний нэг тод жишээ бол улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримт буюу бүртгэлийн архивын цахимжуулах ажлыг 2018 онд 100 хувь дуусгасан. Ингэснээр улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байсан 150 сая орчим цаасан архивыг цахимжуулж, Монгол Улсад хамгийн том буюу 110ТБ хэмжээтэй цахим архив үүсээд байна. Түүнчлэн, Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг болосвронгуй болгоход Улсын бүртгэлийн байгууллагын оролцоо, үүрэг чухал болохыг тэмдэглэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзалтын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ажилласан болохыг онцолж, танилцуулгатай холбогдуулан тодруулга авч, үүрэг, чиглэл өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад юуны өмнө “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, улсын бүртгэлийн “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг хороод руу төвлөрүүлэх, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн үйлчилгээг хорооноос авах боломжийг бүрдүүлэх. Түүнчлэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах, мөн үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас боловсруулах дүрэм, журмыг энд онд багтааж боловсруулах үүрэг өглөө.
Уулзалтын төгсгөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгжийн дарга нараас үйл ажиллагаатай нь холбогдуулан асуулт асууж, тодруулга авахын сацуу дээр өгөгдсөн үүрэг, чиглэлийн биелэлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал боловсруулж ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр бүртгэлийн үйлчилгээг боловсронгуй болгох, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.
ЭХ СУРВАЛЖ: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс