Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болж, бүх шатны боловсролын байгууллагыг үе шаттайгаар нээх талаар Улсын онцгой комиссоос гаргасан саналыг хэлэлцэн, албан ёсоор баталгаажууллаа.
Энэ дагуу:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо.
Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.
Үүнд:
- Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо.
- Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.
Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.
Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэм баримтлаж хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана.
Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болголоо.