Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 12. Сугар гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.
Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.