logo
Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

2020/07/31

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав.

Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр тусгагдсаны дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бол Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш