Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр иржээ.
Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. Тиймээс нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох аргыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус, тус өсдөг аж.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасч, хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байна.
Сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэд эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний зургаан сарын дотор эндэх эрсдэл хоёр дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл тав дахин их байдаг. Харин эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдээс арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл хоёр дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл найм дахин бага байдгийг судлан тогтоожээ.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, өндгөвч ба умайн хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдлийг багасгана. Эхийн сүүгээр хооллох аргыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг зэрэг олон давуу талтай юм.
Эх сурвалж:НЭМГ