logo
Сурлагын чанар, үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Сурлагын чанар, үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2020/08/08

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасанд талархал илэрхийлэв. Ийнхүү сунгаснаар төслийн зорилгыг бүрэн хангах, шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглүүлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн юм.

Сайд Л.Цэдэвсүрэн боловсролын чанарт анхаарч, Монгол Улс Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ PISA-2022-д оролцохтой холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх, улмаар Үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлд эхлүүлсэн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэлээ.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг Засгийн газар дэмжих тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх санхүүжилт, төслийн асуудлыг шийдвэрлэх боломжтойг дурдав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах бодлогын хэрэгжилтийг дэмжин 21 аймаг тус бүрд загвар танхим байгуулах, багш нарт тэгш хамран сургах арга зүйг эзэмшүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Суурин төлөөлөгч Андрей Михнев “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд шийдэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэхээс гадна зарим саналыг бусад санхүүжүүлэгч байгууллагад уламжилж, тусалж ажиллана гэдгээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш