Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.
Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас станрт-ап компани үүсгэн байгуулагж амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацийн төслийн хамтарсан уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Флбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацийн гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.