logo
Салбарын уламжлалт харилцааг бэхжүүлнэ

Салбарын уламжлалт харилцааг бэхжүүлнэ

2020/08/12

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгтэй уулзлаа. Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, технологийн дэд комиссын гуравдугаар хуралдаан 2016 онд Ханой хотод амжилттай болсныг дурдаад ээлжит хурлыг дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг намжсан тохиолдолд Монгол Улсад зохион байгуулахад бэлэн байгааг илэрхийлэв. Хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгааны хамтарсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн дагуу Вьетнам Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас 15 оюутныг тасралтгүй сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд сайд Л.Цэдэвсүрэн элчин сайдад талархал илэрхийлээд энэ онд дуусах уг гэрээ хэлэлцээрийг дахин шинэчлэн байгуулах санал тавилаа.
 
Монгол Улс сурлагын чанарыг үнэлэх олон улсын үнэлгээ буюу PISA-д орохоор ажиллаж байгааг дурдаад 2015 онд энэхүү судалгаанд Вьетнам Улс маш амжилттай оролцсныг онцлон тэмдэглэж, хамтран ажиллах хүсэлтэй байгааг мөн дурдав.
Элчин сайд Доан Тхи Хыөнг боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлын санхүүжилтийг шийдвэрлэх, Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжих, багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилаа. Талууд харилцан хамтран ажиллаж, гэрээ, хэлэлцээрийг үр дүнд хүргэхийг зорьж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш