Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зохион байгуулдаг мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч эхлээд байгаа. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан түр журамд сургуулийн өмнөх боловсролын салбарт хийсэн гол гол зохицуулалтыг танилцууллаа.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын тодорхой дэглэмийг баримтлах, нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-25 байлгах, хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлийг эцэг эхэд санхүүгийн дарамт учруулахгүй байхаар буюу улирлаар нь тооцон бэлдүүлэх зэрэг зарим зохицуулалтын талаар тайлбар мэдээлэл өглөө.
Тус журамд мөн эцэг эхийн хүлээх үүргийг зааж өгсөн. Ханиад томуу, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэр-цэцэрлэг-гэр маршрутаар хүүхдээ зөөх, гудамж талбайд заавал амны хаалт зүүлгэх, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дархлааг дэмжих арга хэмжээ авах хэрэгтэйг мөн дурдлаа.
Тэрээр цэцэрлэгийн бүртгэлийн талаар сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа, “Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгааг сайн анхаараарай. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулна. Төрийн бус өмчит цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах ажлыг хийнэ. Анги танхимын хүрэлцээ тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага аймгуудаас мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Харин 5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хувь хамруулна” гэлээ.