logo
960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

2020/08/31

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад орлоо. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор,  14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байжээ. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харъяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 1100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Нийт 150 гаруй багш, ажилтан тус сургууль нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулжээ.

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд гадна дэд бүтцийн ажил удаашралтай, түр шугамаас дулаан цахилгаанаа хэрэглэдэг учраас тоног төхөөрөмж ажилууллахад хүчин чадлаа дийлэхгүй байгааг сургуулийн захирал Н.Цэвэлмаа тайлбарлав.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг нийслэлийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өглөө. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг  нэн түрүүнд тавьж ажиллахыг сургуулийн захиргаанд сануулав.

Тэрбээр хэлэхдээ “Хятадын Засгийн газраас сургуулийн барилгыг бариад өгсөн байхад бид ажлын уялдаа холбоогүйн улмаас бүтэн сургуулийн асуудлыг цалгардуулж ирсэн байна. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс,Боловсролын газар хамтран ажлын хэсэг гарч яаралтай энэ сургуулийн дулааны шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлэ. Ажлын уялдаа холбоогоо сайжруул. Шинээр ашиглалтад орсон бүх сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нарийн шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла. Ажлын уялдаа холбоогүйн улмаас хугацаа алдсан ажлуудыг эрчимтэй дуусга” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш