Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн ням гарагт нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэлээ.
Сүхбаатар дүүргээс энэ жил нийт 409 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 385 ээжид тус тус гардуулав. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн 17 дугаар хорооны иргэн Э.Нандинсарнай, 9 дүгээр хорооны иргэн А.Сүлдмаа, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй 18 дугаар хорооны иргэн Б.Энхтуяа нар байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ээжүүдэд хандан хэлсэн үгэндээ:
“Элбэрэлт ээж нар аа,
Монголын сарангуа эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрдэнэ мэт эрхэм ирээдүйн иргэдийг хайр халамжаараа дутаалгүй, эрүүл энх өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Бүх цаг үед монголын гал голомт дээр маш цөөхөн хүмүүс амьдарч байсан юм аа. Тийм учраас монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай, ийм ард түмэн билээ.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээх шүлэгтээ,
Улс төрөө бодвол
Нялхас хүүхдийг асар!
Бидний үрс vржвэл
Цугаараа цугаараа баясгалантай гэж бичсэн байдаг.
Яг энэ үзэл санаагаар социализмын он жилүүдэд “Эхийн алдар” одонг бий болгосон байдаг. Тийм учраас монголын төр уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ эрхэм уламжлал тасалдсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр үе шаттайгаар зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
Их зохиолч Нацагдорж мөн,
Монголын үзэсгэлэнт сарангуа
Намайг төрүүлсэн ижий
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ижий
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ижий хэмээн шүлэглэсэн байдаг.
Монгол хүн бүрийн ээжийгээ харах, эхийнхээ ачийг санах сэтгэлийг энэ шүлэг тод томруун илэрхийлсэн гэж би боддог. “Эхийн алдар” одон сарангуа ээжүүдийн маань үр хүүхэддээ зориулсан зүтгэл, хайр энэрлийн нэгээхэн хувьд ч хүрэхгүй байх. Гэхдээ төрийн энэ хүндэтгэл үр хүүхдүүдийн чинь бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болох байх аа.
Өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс 409 ээж “Эхийн алдар” одонгоо гардаж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 385 ээжид хүртээлээ.
Эдгээр ээжүүдийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлөн өсгөж яваа 17 дугаар хорооны иргэн Эрдэнэчимэгийн Нандинсарнай, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа 18 дугаар хорооны иргэн Баатарын Энхтуяа нарт баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон, үндэстний гэрэлт ирээдүйг тодорхойлох хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, сурч хүмүүжих учиртай юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах үүрэгтэй.
Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа, өнөр баян монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор сарангуа эхчүүд баяр цэнгэл, хүсэл тэмүүллээр дүүрэн, үр хүүхэдтэйгээ өнөр өтгөн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийслэлийн есөн дүүргийн 4,439 ээжид “Эхийн алдар” одонг нь гардууллаа.
Тодруулбал:
- Наймдугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 1,021 ээжид,
- Наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 478 ээжид,
- Наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1,071 ээжид,
- Наймдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 622 ээжид,
- Наймдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 613 ээжид,
- Наймдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Налайх дүүргийн 125 ээжид,
- Наймдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Багануур дүүргийн 90 ээжид,
- Наймдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Багахангай дүүргийн 10 ээжид,
- Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 409 ээжид тус тус одонг нь гардуулсан юм.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Улмаар орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээнэ. Нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.