Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Прокурорын ерөнхий газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай “Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ. Тус аян нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах, цагдаа болон прокурорын байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хариуцлагатай, хүний эрхэд суурилсан хандлагаар шударга, шуурхай явуулахад чиглэсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулах юм.
Аяны нээлтийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд, прокурорууд цахимаар оролцож Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, “Юнител” ХХК-ийн байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин нар оролцож, үг хэллээ.
"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн аяны хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээхэд чиглэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулах, төв болон орон нутаг дахь цагдаагийн байгууллагад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, хамтарсан шалгалт хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ” хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат уг ажиллагааг нээхдээ хэлсэн юм.
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “2021 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсны 20 жилийн ой тохионо. НҮБ-аас 1984 онд баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид Монгол Улс 2000 онд нэгдэж орсон. Тийм учраас НҮБ-ын гишүүн орны хувьд хэн гэдгээс үл хамаараад бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах, ялангуяа төрд ажиллаж байгаа албан хаагчдыг гэрээ, конвенцийн заалтыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон бол УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд мөн хамтын ажиллагаанаас бодит үр дүн хүлээж байгаагаа илэрхийллээ. Аяны хүрээнд хийгдсэн ажлыг 2 сарын дараа талууд дүгнэж, ахиц дэвшил, алдаа дутагдлыг эргэн хэлэлцэнэ.