Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлиг, мөн 2018 оны 46 дугаар зарлиг, 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоол, 2020 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 1ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Дээрх Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөл байлцав. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран Монгол хэлний аялгуу, угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн нэвтрүүлэх бүтээх, бичгийн чулуун дурсгалыг танин мэдүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад анхаарч ажиллах, аман зохиолын асар их баялаг, өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэг, контент бэлтгэн хүргэх, монгол бичгийн хэрэглээг дотоод, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгийн бийрийн уран бичлэгийн үндэсний хэмжээний цэнгээнт шоу нэвтрүүлэг бүтээх зэрэг олон ажил хийх юм.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл: “МҮОНРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Аливаа улс үндэстний иргэд эх хэлээ хадгалж, хамгаалах, зөв ярьж, бичиж хэвших, үүнд уриалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөр тутамд мэдээ, мэдээлэл дамжуулахдаа үзэгч, уншигч, сонсогчиддоо эх хэлээрээ зөв зүйтэй ярьж, бичсэн байх ёстой. МҮОНРТ урьд өмнө нь ч үндэсний өв уламжлал, эх хэл соёлоо сурталчлах таниулах, хадгалах хамгаалах зорилготой олон нэвтрүүлэг, контент бүтээж үзэгч, сонсогчиддоо хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр байгуулсан санамж бичигт хүүхэд залуусыг уриалан дуудаж, соён гэгээрүүлсэн шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг бүтээж, сүлжээний нэвтрүүлгийн цагт, хөтөлбөрт суулгаж өгөх ажлыг тусгасан.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдсан цагаас манай олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа уялдуулж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн зарлигаараа жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарласнаас хойш энэ чиглэлийн үйл ажиллагаа тогтмолжуулж, эх хэл соёлоо дээдлэх, хайрлан хамгаалах уриалгыг илүү олон хүнд хүргэхээр анхаарч ажиллаж байгаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан эх хэл соёлоо хадгалан хамгаалах, сурталчлах таниулах шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг удахгүй үзэгч, сонсогч, уншигчдад хүрэх болно” гэсэн юм.