ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Төрийн Думын гишүүн Вадим Белоусовыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. В.Белоусов нь 2010-2014 онд зам, барилгын нэг компаниас 3,2 тэрбум рублийн хээл хахууль авсан бөгөөд түүний дэмжлэгээр уг компани зам, барилгын ажлын худалдан авах ажиллагаанд олон удаа шалгарч байсан талаар Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.
Төрийн Думын гишүүн В.Белоусовын хээл хахууль авсан хэрэгт Челябинск мужийн захирагч асан Михаил Юревич, төрийн өмчит "Первый хлебокомбинат" компанийн ерөнхий нягтлан бодогч Маргарита Бутакова нар холбогдсон байна.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан В.Белоусовын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг түдгэлзүүлэх хүсэлтийн дагуу Төрийн Думаас зөвшөөрөл авч түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээнд дурджээ.
Челябинск мужийн захирагч асан мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зугтсан бөгөөд түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.