logo
Нийгмийн даатгалын сангийн орлого буурчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого буурчээ

2020/09/14

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 5.7 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.7 хувийг эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 84.8 хувийг татварын орлого, 8.9 хувийг татварын бус орлого, 6.0 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

Татварын нийт орлого 2020 оны эхний 8 сард 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (17.4%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татвар 375.5 (22.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.2 (19.5%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 173.0 (28.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 165.8 (10.9%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 80.6 (13.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 38.9 (7.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Орон нутгийн төсөв

Орон нутгийн төсвийн орлого 2020 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 1.8 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 211.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 28.2 (15.4%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Даатгалын сан

Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 243.0 (15.6%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 267.8 (19.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш