logo
Сэлэнгэ аймгийн төвд шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ

Сэлэнгэ аймгийн төвд шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ

2020/09/14

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймгийн төв Сүхбаатар суманд баригдсан 50 ор бүхий хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Сүхбаатар сумын тавдугаар багийн хүүхэд багачуудыг хамран сургах тус цэцэрлэгийг АНУ-ын Цэргийн Инженерийн Корпусын буцалтгүй тусламж, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар ТТК компани барьсан юм. Барилга ашиглалтад орсонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 25.5 сая төгрөгийн өртөг бүхий тавилга эд хогшил, тоглоом хэрэгсэл, зөөлөн эдлэлийг уг цэцэрлэгт хуваарилаад байна.

Цэцэрлэгийн барилга 8-9 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхийн зэрэгцээ дулааны зардлыг хэмнэх эко технологиор баригджээ. Америкийн ард түмний тусламжаар Монгол Улсад дээрх эко стандартаар зургаан цэцэрлэгийг барина. Увс аймгийн Баруунтуруун, Дорноговь аймгийн Замын үүд, Сайншанд сум, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тус тус төлөвлөснөөс ийнхүү дөрөв дэх нь ашиглалтад орлоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески болон орон нутгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш