Ахлагч О.Баярмаа
Эх сурвалж: ХХЕГ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдол нь бүх төрлийн архивын баримтаас бүрддэг билээ. Архивын сан хөмрөг олон эх сурвалжаас бүрддэг бөгөөд үүний нэг хэсгийг төр, нийгэм, боловсрол, соёл шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг соёл, утга зохиолын гэх мэт олон салбарын эрдэмтэн, судлаачид, түүхэн бие хүмүүсийн хувийн гаралтай баримтаас бүрддэг юм. Энэ утгаараа Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгуулга үүсэж хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй Мэдээлэлжүүлэлтийн Олон Улсын Академийн академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжпэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн хувийн хөмрөгийг хүлээн авах ёслолын арга хэмжээг есдүгээр сарын 16-ны өдөр Архивын ерөнхий газарт зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай түүний гэр бүл, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр, Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын дарга, хурандаа Т.Сүхбаатар, хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Гансүх, Архивын ерөнхий газрын удирдлагууд болон бусад зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.
Дэслэгч генерал Ш.Арвай өөрийн намтар түүх, амьдрал үйл ажиллагаанд холбогдох гар бичмэл, ном зохиол, судалгаа, гэрэл зураг дүрс бичлэг, баримтат кино, эд өлгийн дурсгал гээд цаасан суурьтай 95 хадгаламжийн нэгж, дүрс бичлэг суурьтай 22 хадгаламжийн нэгжийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Архивын ерөнхий газраас аман өв, сурвалж бэлтгэх үүднээс дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал П.Сүндэв нарын ажил амьдралын замналын тухай дурсамжит яриаг дүрсжүүлэн архивласан байна. Дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг түүх намтар, шагнал, албаны болон сонгуульт ажлын холбогдолтой баримт, эрдэм шинжилгээний зохиол, хамгаалсан эрдмийн ажил, олны хүртээл болгосон ном, илтгэл, дурсамж, хувийн цуглуулга, дурсгалын зүйл, гэрэл зураг гэсэн бүлэгт ангилан төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлжээ. Ингэснээр Үндэсний төв архивын сан хөмрөг нэгэн алдарт генералын хувийн сан хөмрөгийн баримтаар баяжигдаж байна.
Дэслэгч генерал Ш.Арвайн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор хүн юм. Мөн Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургуульд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний төвийн дарга, хил судлалын профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж, судлаачийн үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гэх мэт 200 гаруй бүтээл туурвиснаас хил судлалын чиглэлээр олон эрдэм шинжилгээний бүтээл туурвисан юм. Энэхүү эрхэм хүний хувийн сан хөмрөг Үндэсний төв архивт хадгалагдан үлдсэнээр ирээдүй хойч, залуу үедээ судалгаа, шинжилгээний олон бүтээлийн үнэт их өвийг үлдээж байгаа юм.