Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймгийн Цагдаагийн газар болон Улаанбаатар хот дахь газар, хэлтсийн алба хаагчдаас хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэхээр сонгогдсон 40 гаруй алба хаагч оролцож байна. Оролцогчид 3 өдрийн сургалтад бүрэн хамрагдаж, хүний эрхийн ойлголт, мэдлэг, сургалтын арга зүйд суралцсанаар цаашид хүний эрхийн сургалт явуулах эрх бүхий сертификат гардах юм.
"Энэ удаагийн сургалт нь ХЭҮК, ЦЕГ хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, олон улсын өмнө тусгаар тогтнолоо тунхаглан зарлахын зэрэгцээ иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахаа илэрхийлсэн түүхэн ойн өмнөхөн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Цагдаагийн албанд хүний эрхийн сургагч багш нарыг өмнө нь бэлтгэж байсан. Та бүхэн сургалтад ач холбогдол өгч, суралцахыг хичээгээрэй, чадварлаг сайн багш нар болоорой" гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг сургалтыг нээхдээ захиж байв. Сургалт үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний клмиссоос мэдээллээ.