Үйлдвэрийн хэмжээнд тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан байна. Ажилчдад зориулсан ХАБЭА-н сургалтад 172 ажилтан хамрагдаж, зорилтот үзлэг шалгалтаар таван бүтцийн нэгжүүдэд аюулгүй ажиллагааны хяналт шалгалтууд хийгджээ.
Баян-Өндөр, Ногоон төгөлд намрын мод тариалалтын ажил эхэлсэн байна. Бүтцийн нэгжүүд мод тариалалт болон бэлтгэл ажлыг ханган хуваарийн дагуу оролцож байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ.
Уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд сарын эхнээс бүгд биелсэн үзүүлэлттэй байна.Сар дуусч байгаатай холбогдуулан уулын ажлын төлөвлөгөөг энэ долоо хоногт хэлэлцэх юм байна.
10 ;дугаар сарын 22-нд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ММС -1 тээрмийг солихоор төлөвлөсөн тул бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллахыг Баяжуулах үйлдвэрийн удирдлагад Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнх үүрэг болголоо. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 292 ажил төлөвлөж гүйцэтгэл нь 58 хувьтай байна. 100 хувь биелсэн 167 ажил ажил байгаа бол бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Эрдэнэт үйллвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод болон бусад цех нэгжүүдийн удирдлагууд уламжлал ёсоор мэдээлэл өглөө. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, өргөтгөл шинэчлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудад анхааран, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байгаа тухай дээрх цехийн удирдлагууд хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт таван ажлын байр үйлдвэрийн хэмжээнд нээлттэй зарлагдаж 46 хүн сонгон шалгаруулалтад оролцон дөрвөн хүн тэнцжээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үүднээс хийгдсэн "Тавилан" киноны нээлт болж үйлдвэрийн 500 ажилтныг, 500 хүүхэдтэйгээ үзүүлэх болсныг Зөхиргаа хүний нөөцийн бодлогын газраас мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэр ажилчдаа жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Өнөөдрийн байдлаар 3400 ажилтан үзлэгтээ оржээ. Энэ нийт үзлэгт орох ажилчдын 52.3 хувь нь хамрагдсан гэсэн үг юм. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн өвөл цагийн соёл хүмүүжлийн нээлт энэ сарын 29-нд 12-14 цагийн хооронд болох тул холбогдох бүтцийн нэгжүүд идэвхтэй оролцохыг шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр онцоллоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх: "Бид төлөвлөгөөгөө биелүүлэхээс гадна нэмэлтээр авсан даалгавраа биелүүлнэ. Иймээс үндсэн тоног төхөөрөмжийн зогсолт гаргахгүйгээр ажиллах тул тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах хэрэгтэй"-г санууллаа.
Түүнчлэн үндсэн цехүүд дээр хийгдэж байгаа том төслүүдийн ажлыг төлөвлөгөөний дагуу бүтцийн нэгжүүд үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллах хэрэгтэй ч анхаарууллаа.
Ирэх 10 дугаар сарын нэгнээс үйлдвэрийн хэмжээнд халаалт өгч эхлэх тул үйлдвэрлэлийн дулааны шугамд зорилтот үзлэг хийж, намар өвлийн бэлтгэл ажилд онцгойлон анхаарч төлөвсөн ажлуудаа чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэйг сануулснаар өнөөдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.
А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс