Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Завхан аймагт ажиллав. Тэрбээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхитай төрийн албыг төлөвшүүлэх, эрс шинэчлэл хийж, улсаа хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой ажиллахыг уриаллаа.
Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт аймагт хэрэгжиж буй “Хаус хотхон”, “Гудамж” төсөл, “XXI зуун” жишиг хорооллын дэд бүтцийн ажил, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Жавхлант” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажил зэрэгтэй танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж, байр сууриа илэрхийлэн, тавьсан асуултад нь хариуллаа.
Завхан аймгийн төв хөгжлийн хувьд бусад аймгаасаа хоцрогдонгуй байгаагийн нэг гол шалтгаан нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй явж ирсэнтэй холбоотой бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилгаар уг төлөвлөгөөг 2019 онд боловсруулж, Засгийн газарт өргөн барьснаар өнгөрсөн сард батлагджээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүтээн байгуулалт өрнүүлж, аймаг орныхоо өнгө төрх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм. Одоо аймаг байтугай сумд төлөвлөлтөөр хөгжиж байна. Аймгийн төвүүд төлөвлөлтөө зөв хийж, түүндээ тохирсон инженерийн шугам сүлжээг барьж байгуулж байж бүтээн байгуулалт хийх ёстой. Төлөвлөлтгүй, шугам сүлжээгээ цэгцлээгүй бол хэчнээн хөрөнгө зараад нэмэргүй” гэдгийг онцоллоо.
Аймгийн төв Улиастай сум Монгол Улсын хамгийн эртний түүхтэй хотуудын нэг бөгөөд хоёр голын дунд оршдог, газар нутаг багатай, хөрсний усны түвшин өндөр зэрэг нь тодорхой бэрхшээл учруулдаг аж.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ажлын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг газар дээр нь эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээр нь:
- Аймгийн төв болон Тэлмэн суманд услалтын хоёр системийг засан сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, тариаланчдад сургалт явуулах;
- 64.000 тонн мах экспортлох;
- Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 11-р сард багтаан нээх;
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор хангах;
- Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгийг 11-р сард багтаан диализийн аппараттай болгох;
- Улиастай сумын гэр хорооллын 3400 өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг үнэгүй болгох;
- Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2021 онд багтаан 2 дахин нэмэгдүүлж, шинэчлэх;
- Инженерийн шугам сүлжээний зураг хийх 400 сая төгрөгийн 6 арга хэмжээг ирэх оны төсөвт суулгах;
- Нисэх онгоцоор зорчих иргэдийн тийзний үнийг хямдруулах зэрэг юм.
УИХ-ын даргыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Г.Өнөрбаяр, С.Батболд нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.