Энэ сарын 10-ны өдөр нийтээр мод тарих өдөр тул бүтцийн нэгжүүд бүгд оролцож мод тарина гэж Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Ногоон хөгжлийн төв барьж байгуулах ажил үргэлжилж байна. Энэ төвийг Монгол улсын хэмжээнд загвар болохуйц зохион байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий захирал хэлж холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.
Сарын эхнээс уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт , хүдэр дэх зэсийн агуулга, зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс танилцуулж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 292 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл нь 65 хувьтай байна. 100 хувь биелсэн 189 ажил байгаа бол бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 10-р сарын 6-наас эхлэн бүтцийн нэгжүүдэд өвлийн бэлтгэл ажилтай газар дээр нь үзэж танилцах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех болон бусад цех нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл өгч өнгөрөгч долоо хоногийн ажлын тайлан мэдээллийг өглөө.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, өргөтгөл шинэчлэлийн ажил болох Эмульсын тэсрэх бодисын үйлдвэр, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, ус хангамжийн гуравдугаар шугамын шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн, өвлийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа тухай дээрх цехийн удирдлагууд мэдээлэл өглөө.
Оны эхний есөн сарын эдийн засаг санхүүгийн үзүүлэлтүүдийг хэлэлцэх тайлангийн хурал болно. Үүнтэй холбогдуулан бүтцийн нэгжүүд энэ сарын есөн гэхэд тайлангаа өгөх шаардлагатай гэдгийг Эдийн засгийн хэлтсээс санууллаа.
Үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Хүний нөөцийн төлөвлөлт" сургалтад 17 бүтцийн нэгжийн 700 гаруй ажилчид хамрагджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэтэй баялаг болох ажилчдынхаа хөгжлийн төлөө хүний нөөцийн таван цогц хөтөлбөр эхлүүлэн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Хөтөлбөрүүд жилийн турш үргэлжлэх тул үр дүнтэй байлгахын тулд бүтцийн нэгжүүд бүгд анхааран хамтарч ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О Отгонбаяр хэллээ.
Үйлдвэрийн хэмжээнд бүртгэлийн бодлогын зөрчилгүй байх шаардлагатай учир санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бараа материалын үнэ цэнийн тест боловсруулах ажил хийгдэж байна. Иймээс бүтцийн нэгжүүд судалгаанд идэвхтэй оролцохыг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлж, энэ сарын 19-өөс 22-ыг дуустал тайлангийн хурал цахимаар зохион байгуулагдах болсон тухай мэдээллийг удирдлагуудад өглөө.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ байгалийн баялгийг бид үндэсний баялаг болгохын төлөө ажиллаж байна. Хүрсэн түвшиндээ хүрч ажиллахын төлөө илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэйг үйлдвэрийн удирдлагуудаар дамжуулан нийт ажилчдадаа хүргэж байна.