Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Истанбул хотноо болж буй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд болон экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож байна.
“Даяаршил дахь хүчний шинэ тэнцвэрт байдал: Дипломат үйл ажиллагааны ач холбогдол, эдийн засгийн найдвартай байдал” сэдэвт хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгэндээ,
“Хүндэт ноёд, хатагтай нар аа,
Олон улсад нэр хүндтэй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцуулж байгаад “Мармара” группийн Стратеги, нийгмийн судалгааны санд талархал илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдод баяр хүргэе. Энэ удаагийн уулзалт COVID-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав. Хэвийн явагдаж байсан 87.2 их наяд ам.долларын ДНБ огцом буурч, эхний ээлжинд 5.0 их наяд ам.долларын хохирол учрах төлөвтэй байгааг Л.П.Блүүмберг мэдээлсэн. Цар тахал зогсоход дэлхийн 7.8 тэрбум хүн амын тэн хагас нь ядуу ангилалд орсон байх магадлалтай гэж ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдлээ.
Цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхах үзлийг таягдан хаях, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг шинэчлэх, цар тахлын улмаас учирч буй хохирлыг барагдуулах, эдийн засгийг сэргээх талаар хамтран ажиллах шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байна. Монгол Улсын хувьд хэдийгээр цар тахлын халдвар дотооддоо алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа. Энэ бодлогын хүрээнд эдийн засгийн найдвартай байдлыг хангах үүднээс иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, экспортыг дэмжиж эрчимжүүлэх, төсвийн санхүүжилтийн хэрэгцээ, зардлыг бууруулах, санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч байна.
Цар тахлын улмаас, мөн улс орнуудын хооронд явагдаж буй худалдааны дайн, валютын дайн, аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн өрсөлдөөний улмаас өнөөгийн дэлхийн дэг журмын дүр төрх өөрчлөгдөж байна. Өнөөгийн даяаршил үеэ өнгөрөөж байна, дангааршин хүчирхэгжих өрсөлдөөн өрнөж байна.
Өрсөлдөөний дүнд дэлхийд шинэ даяаршил тогтож, хүчний харьцаа өөрчлөгдөх нь дамжиггүй. Шинэ даяаршлыг хэн манлайлах нь тодорхойгүй байна. “PwC” олон улсын консалтанг, судалгааны компанийн судалгаагаар 2050 онд Хятад, Энэтхэг, АНУ дэлхийн эдийн засгийг манлайлах бөгөөд дэлхийн топ 20 эдийн засгийн 12 нь Евразид байхаар байна. Монгол Улс энэ бүхнийг тооцож үзээд 2050 он хүртэлх урт хугацааны бодлогоо тодорхойлсон бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлсэн, эдийн засгийн найдвартай байдлаа бүрэн хангасан улс орон болно.
Үүнд хүрэх арвин нөөц, боломж, чадавх Монголд байна. Манай улс байгалийн нөөц, баялаг арвинтай. Газар нутаг том тул бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхлэх өргөн боломжтой. Оюуны өндөр чадавхтай иргэдтэй. Гадаад, дотоод элдэв зөрчил, мөргөлдөөн байхгүй, дэлхийд тэргүүлэх хоёр том зах зээлд ойр байрладаг зэрэг олон давуу тал бий.
Дангааршин хүчирхэгжих өрсөлдөөнд тэсэж үлдэх, шинэ даяаршилд өөрийн өнгө аястай оролцоход бэлтгэх, хүчний шинэ тэнцвэрт байдлыг хангах нь бидний ойрын жилүүдийн том зорилго, том сорилт болж байна.
Дипломат үйл ажиллагаанд ч том сорилт ирж байна. Өнөөгийн олон улсын харилцааны бодит хэрэгцээ нь нэгд, цар тахал мэтийн дэлхий дахиныг хамарсан гамшгаас, түүнчлэн худалдааны болон валютын дайн, өрсөлдөөний үр дагавраас урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа (preventive diplomacy), хоёрт, онцгой байдал, хямрал, хүндрэлийн үеийн бэлэн байдал, шуурхай хамтын ажиллагаа, гуравт, хүндрэлийн дараа эдийн засгаа сэргээх хамтын ажиллагаа явуулахыг шаардаж байна.
Монгол Улсын гадаад харилцаа тогтвортой байх болно. Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, экспортыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг баримтална.
Монгол Улс Евразийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байхыг хүсч байна. Орос, Хятадтай гурван улсын эдийн засгийн коридор бий болгох, гуравдагч хөршүүдэд хүрсэн эдийн засгийг бий болгох, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх, худалдааг хөнгөвчлөх, дэлхийн түвшинд нэр хүнд бүхий өрсөлдөх чадвартай Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын гол төв болох зорилтыг тавьж байна. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засгийн найдвартай байдлыг хангахад чиглэсэн алхам болох юм.
Харилцан хамааралтай дэлхий нийтийн хөдөлгөөн саарсан ч бид харилцан ярилцах, хамтран ажиллах цахим уулзалт мэт шинэ арга хэлбэрүүдийг ашиглах нь чухал байна. Дипломат үйл ажиллагааны ач холбогдол энэ амаргүй нөхцөлд ч, цаашид ч чухал хэвээр байсаар байх болно” гээд цахим уулзалтад амжилт хүсэв.
Дашрамд тэмдэглэхэд, Туркийн “Мармара” группийн Стратеги, нийгмийн судалгааны сан нь 1985 онд байгуулагдсан бөгөөд 1998 оноос Евразийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ уулзалтад Ази болон Европын улс орнуудын төр, засгийн тэргүүн сайд, парламентын гишүүд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс оролцдог. Өмнөх уулзалтуудад манай улсаас Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нар тогтмол оролцсон бөгөөд 2009 онд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, 2011 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцож байжээ.