logo
Тоног төхөөрөмжийн суурийн цутгалт ид явагдаж байна

Тоног төхөөрөмжийн суурийн цутгалт ид явагдаж байна

2020/10/08

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, барилгын суурийн ажил төгсгөл шатандаа орж байгааг мэдээлж, цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан манай мэргэжилтнүүд гадагшаа явж чадахгүй, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт ирж чадахгүй байгаа ч цахимаар ажлаа хэлэлцээд эрчимтэй урагшилж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Улсын онцгой комисст хүсэлт гаргаснаар энэ сарын дундуур Хятадаас цахилгааны болон барилгын чиглэлийн мэргэжилтнүүд ирэхээр болжээ. Одоогоор тоног төхөөрөмжийн суурийн цутгалт ид явагдаж байгаа юм. Төслийн хэмжээнд нийт 23000 м3 цутгалтын ажил хийхээс энэ жил 14000 м3 орчмыг хийнэ. Цаг агаар сэрүүсэж, шөнөдөө хасах хэм хүрч хүйтэрч байгаа энэ үед гүйцэтгэгч байгууллагууд технологийн дагуу арга хэмжээ авч, ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлж байгаагаа хурлын үеэр мэдэгдлээ. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явцтай онлайнаар танилцсан бөгөөд төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна.

Түүнээс гадна автоматжуулалтын тоног төхөөрөмжийн сонголт цахим хэлбэрээр явагдах юм. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна.


М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш